Томас Янэба: Чехэд Монголын төрийн далбааг шатаасныг дуулаад маш их цочирдсон


Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.

Монгол иргэдийг ажид хөдөлмөр эрхэлж амьдралаа өөд татахад нь Чехийн Засгийн газраас дэмжлэг үзүүлэхээр болжээ. Өмнө нь тус улсын Засгийн газраас Чехэд амьдарч байгаа цагаач монгол иргэдийг эх оронд нь буцаах төсөл хэрэгжүүлсэн билээ. Ингээд Чехийн олон улсын шилжин суурьшилтын байгууллагын төслийн удирдагч Томас Янэбатай ярилцлаа.-Монголд ямар төсөл хэрэгжүүлж байгаа юм бэ?
-Юуны өмнө анхны төслийг 2007 онд ХЭҮК-той хамтран хэрэгжүүлсэн талаараа ярих хэрэгтэй байх. Удаах төслийг Хүйсийн тэгш эрхийн төвтэй хамтран хэрэгжүүлсэн. Энз төсөл маань Монголын хуулийн байгууллагын зарим ажилтныг мэргэшүүлэх ажил байсан. Юунд мэргэшүүлэх вэ гэж асууж магад. Хүн худалдаалах гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах байранд байгаа хохирогчдыг яаж нийгэмшүүлэх вэ гэдэг ойлголтыг цогцоор өгөх явдал юм. Чехийн хуулийн ажилтнууд энэ тал дээр нэлээд мэргэшсэн байдаг. Тиймээс хөтвлбөрт хамрагдсан хуулийн ажилтнуудаа Чех рүү танилцах аялалд явуулсан. Тэнд бас монголчуудын ажиллаж байгаа үйлдвэрүүдэд очсон. Мөн төслийн үргэлжлэл болгож Замын-Үүд зэрэг газруудад энэ гэмт хэргээс хэрхэн сэргийлэх зурагт хуудас, танилцуулгыг олон хувиар хэвлэж тараасан. Зарим иргэдтэй биечлэн уулзлаа. Дээрээс нь хүмүүс хамгийн их ордог сайтад энэ төрлийн гэмт хэргийн сэрэмжлүүлэг хангалттай байрлуулсан. Хүйсийн тэгш эрхийн төвийн салбарыг Замын-Үүдэд нээж санхүүжүүлж өгсөн. Мөн хамгаалах байрыг бүрэн санхүүжүүлж байгаа.
-Чехэд монголчууд хүний наймааны хохирогч болсон тохиолдол байдаг уу?
-Албан ёсоор цагдаад мэдэгдсэн тохиолдол байдаггүй. Гэхдээ хохирогч бий гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь хохирогч хаана хэнд хандахаа мэдэхгүй учраас гомдол мэдүүлдэггүй.
-Төслийг хаанаас санхүүжүүлдэг юм бэ?

-Төслүүдийг нь манай улсын Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлдэг. Удахгүй хэрэгжих гурав, дөрөв дэх төслийн санхүүжилтийг ч мөн гаргах төлөвлөгөөтэй байгаа. Гурав дахь төсөл нь гадаадад амьдарч байгаад Монголд ирсэн хүмүүсийг эх орондоо суурьшихад нь туслах зорилготой.
-Хэчнээн хүн эх орондоо эргэж ирсэн юм бол?
-Чехийн Засгийн газраас энэ төсөлд 5.5 сая ам.доллар зарцуулсан. Өнгөрсөн жил 1500 хүн эх орондоо эргэж ирсэн. Ер нь Чехэд маш олом орны цагаач иргэн бий. Тэр дундаас монгол хүн хамгийн олон. Испанид цагаач иргэдэд хандсан төсөл өмнө нь хэрэгжиж байсан. Түүнээс өөр хаана ч хүнд нөхцөлд ажиллаж буй иргэдэд мөнгө тараасан төсөл бараг хэрэгжиж байгаагүй. Төслийн хүрээнд хар цагаанаар ажиллаж байгаа ялгаагүй бүх хүнд тусламж үзүүлсэн. Гурав дахь төслөө хэрэгжүүлэхийн тулд Чехэд амьдарч байгаа иргэдийн судалгааг дахин гаргасан. Энэ төслөөр гадаадад амьдарч байгаад эх орондоо ирсэн хүмүүс дахин Чех рүү явахгүйгээр сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ. Тэгээд ч олон жил Чехэд амьдарсан иргэд тодорхой хэмжээгээр эх орондоо нийгэмших шаардлага гарч ирнэ.
-Яагаад нутагтаа монгол иргэдийг байлгахгүй гээд байгаа юм?
-Тийм биш ээ. Монголчууд Чехээс гадна Солонгос руу их явж байгаа. Бид солонгосчууд ажиллах хүчийг хэрхэн өөрийн улсдаа татаж байгааг судлах болно. Өөрөөр хэлбэл Солонгосчууд хамгийн үр ашигтай аргыг хэрэглэж хүмүүсийг эх орондоо татаж байна гэж үзсэн.
-Монгол иргэдийг эх оронд нь яаж суурьшуулна гэж?

-Эхний удаа Чехэд ажиллаж амьдарч байгаад Монголдоо ирсэн 10 хүнийг энэ төсөлд хамруулах болно. Тэдэнд зориулж эх орондоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ.
-Монголд ирээгүй байгаа юм уу?
-Энэ сарын сүүлчээр ирэх юм. Нэг хүнд 1500 ам.доллар зарцуулна гэж төлөвлөсөн. Гэхдээ энэ удаа анхных шиг бэлэн мөнгөөр тусламж олгохгүй. Монголоос явахдаа байраа зарсан юм уу огт амьдрах газаргүй бол эхний ээлжинд гурваас дөрвөн cap амьдрах байрыг түрээсэлж өгнө. Төсөлд хамрагдах хүн гэр бүлтэй, 30 нас хүрсэн байх шаардлагатай. Бэлэн мөнгө өгөхгүй, нэг бол сурах сургуульд нь төлбөрийг нь шилжүүлнэ. Эсвэл бизнес ч юмуу, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд нь тусалж хөрөнгө оруулалт хийнэ. Техник хэрэгсэл авахад нь мөнгө зарцуулна. Энэ туршилтын төсөл. Хэрэгжиж дууссаны дараа судалгаагаа Чехийн Дотоод хэргийн яаманд шилжүүлж, амжилттай болсон гэж үзвэл дахин үргэлжлүүлнэ.
-Өөр нэг төсөл байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл дөрөв дэх төсөл чинь юу вэ?
-Чехийн Дотоод хэргийн яамтай зөвшилцөөд Монголд мэргэжил үилдвэрлэлиин сургууль байгуулах төсөл бичиж байгаа.
-Өөр улсын иргэдэд хандсан иймэрхүү ажил хийдэг үү?
-Чехэд бас вьетнамчууд олон байдаг. 50 мянган вьетнам бий. Тэдэнд зориулсан төсөл хэрэгжүүлнэ. Ер нь Чехэд ажиллаж амьдарч байгаа хэлний бэрхшээлтэй иргэд Чехийн Гадаад иргэдийн асуудал эрхэлсэн Цагдаагийн газарт хандаж болно. Тэндээс хараар ажиллаж байгаа иргэдийг бүртгээд буцах хугацаа олгодог. Энэ хооронд ЮМ Прага буюу манай олон улсын байгуулагад тухайн хүний мэдээлэл ирдэг юм. Ингээд бид тэр хүнийг онгоцонд суутал нь харж хандаж эх оронд нь буцаадаг.
-Та бүхэн монгол хүний амьдралыг харуулсан кино хийж байгаа гэл үү?
-Чехэд ажиллаж амьдарч байгаа монголчуудын талаар 30 минутын кино хийж байгаа. Монголчууд Чехийн хөдөлмөрийн зах зээлийн талаар ямар нэг ойлголтгүйгээр зорьж очдог. Ингээд хүнд байдалд ордог. Тэд нэг сард 2000 еврогийн цалин авна гэж боддог. Тэнд эдийн засгийн хямралаас өмнө 1000 долларын цалин авах боломж байсан. Доллар гэхээр их мөнгө мэт сонсогддог байх. Гэхдээ үүнийг Чехийн амьдралын өртөгтэй харьцуулбал маш бага мөнгө. Ам.долларыг Чех корунад шилжүүлбэл үнэлгээ буурдаг. 2008 оны
ханшаар нэг ам.доллар 15 корунатай тэнцэж байсан. Ингээд доллараар авах цалин амьдралын хаана нь хүрдэггүй. Чехэд эдийн засгийн хямрал болсноос үүдэн өнөөдөр иргэд сард 500 долларын цалинтай ажил хийж байна. Түүнээс ч бага цалин авч магад. 500 долларыг 10 мянган корунатай тэнцье гэж бодъё. Гэтэл Чехэд нийтийн байр 3000, хотын захын нэг өрөө байр 8000 корунын өртөгтэй. Дээрээс нь нийтийн байрны нэг өрөөнд дөрвөн хүн амьдрах ёстой. Зарим хүн тэнд 2-3 хүүхэдтэйгээ амьдардаг. Ямар ч мэдээлэлгүй очсон та нийтийн байрны нэг өрөөнд гурван том хүн, өөр хэд хэдэн хүүхэдтэй хамт байх болох нь. Монгол цагаачдын талаар их зүйл ярьж болно. Товчхондоо бол ийм байна. Энэ талаар одоо хийж байгаа кинондоо бүгдийг тусгана. Сайхан зүйлийг биш, бодит байдлыг харуулахыг зорьсон баримтат киногоо гурван мянган хувь хэвлэн тараана. Монгол телевиз төлбөргүй гаргахыг зөвшөөрсөн.
-Та түрүүнд Чехэд байгаа монгол иргэдийн судалгааг дахин гаргана гэж байсан. Одоо тэнд хэчнээн монгол хүн байгаа юм бэ?

-2006 онд 3500 монгол хүн Чехэд амьдарч байсан. Хоёр жилийн дараа 8000 болсон. Тэгээд 2009 онд 14 мянга болж өссөн. Эхний төсөл амжилттай хэрэгжиж монголчуудыг эх оронд нь шатлалтайгаар буцааснаар 5500 болж буурчээ. Одоо энэ хүмүүс албан ёсоор Чехэд оршин сууж байгаа. Чехэд албан ёсоор амьдарч байгаа хүмүүс Шенгены хэлэлцээртэй орнууд руу визгүй зорчиж болдог. Шенгенд Европын холбооны улсууд ордог. Тиймээс зарим хүн хилээр чөлөөтэй нэвтэрч энд тэнд хууль бусаар орогноход түлхэц болдог байх. Ер бол Шенгены хэлэлцээртэй ажлын визтэй хүмүүс эхний гурван сардаа бусад орон руу визгүй зорчдог.
-Танайхан Монголын төрийн далбааг шатааж байсан удаатай. Одоо үндсэрхэг үзэлтнүүд чинь монголчуудыг гадуурхдаг болов уу?
-Би Монголын төрийн далбааг шатаахад маш цочирдсон. Гэхдээ энэ нь Монгол Чехийн бодит харилцаа биш юм. Үндсэрхэг үзэлтнүүдийн бүдүүлэг үйлдэл. Чехэд хэт үндсэрхэг хүмүүс байдаг. Гэхдээ тэдний гол бай нь монголчууд биш. Харин үргэлж хэсүүчилж байдаг цыган буюу ромачууд юм. Сүүлийн хоёр жилд хэт үндсэрхэг үзэлтнүүд бусдын анхаарлыг татахыг оролдсоор ирсэн. Үүний нэг жишээ нь Монголын төрийн далбааг шатаасан явдал. Энэ бол бүдүүлэг хэрэг. Би маш их харамсч байна. Оны өмнө тэд жагсаал хийж хотын захад оршин суудаг рома иргэд рүү дайрах гэсэн.
Гэхдээ тэднийг жирийн иргэд зогсоож ромачуудыг хамгаалсан. Үндсэрхэг үзэлтнүүд ажилчны нам байгуулсан гэсэн. Чех 1990 он хүртэл хаалттай улс байсан. Тиймээс гадаад харилцаа муу хөгжсөн. Одоо хэр нь гадаад иргэдийг хүлээн авах харилцаа төлөвшөөгүй. 2007 онд Бланко хотод нэг сонин явдал болсон. Тус хот 20 мянган хүнтэй. Түүний 600 нь монгол хүн байсан. Гэтэл тэнд 20 нацист ирж монгол иргэдийг хөөе гэж уриалсан. Тэдний уриалгыг нэг ч чех хүн дэмжээгүй учраас тэд яаж ч чадалгүй буцсан. Яахав, Чехэд одоо дэлгүүрт тааралдсан монгол иргэн рүү хааяа нэг цэхэлзэх явдал байдгийг үгүйсгэхгүй.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...