1990 он: А.И.Цэдэнбал-Филатоваг байцаасан нь

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.

“ТҮҮХЭН БАРИМТ” булангийнхаа ээлжит дугаарыг танд толилуулж байна. Өмнө нийтлэгдсэн “НҮХТИЙГ НИЙТИЙН АМРАЛТ БОЛГОСОН НЬ” бодит баримтын мөрөөр манай сонинд олон хүн хандаж байр сууриа илэрхийлэв. Тэдний онцолж байгаа нэг зүйл бол ийм түүхэн баримт нь олон зүйлийг харьцуулж ойлгоход тусалж байна хэмээжээ. Өнөө хийгээд өнгөрсөн үед хэн ямар байр суурьтай байж, асуудалд аль өнцгөөс хандаж байсан нь хүмүүст сонирхолтой санагджээ.

Ардчиллын салхи сэвэлзсэн 1990 оны цагаан морин жилийн нэгэн томоохон дуулиан болсон “ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДИЙН ХЭРЭГ»-т холбогдуулан А.Цэдэнбал-Филатоваг БНМАУ-ын прокурорын газраас таван удаа уулзаж байцаалт авсан байна. Уг байцаалтын эхний протоколыг нийтэлж байна. Одоогоос 20 жилийн тэртээ шалгагдаж байсан энэ хэрэг хумүүст өнөө ч мартагдаагүй. Цаг хугацаа хэмээх аугаа шүүгч эрхэм уншигч таньд энэхүү бодит үнэнийг дэлгэж байна. Таалан соёрхоно уу.

БНМАУ-ын прокурорын газрын хэлтсийн прокурор Бат-Эрдэнэ би, Улсык прокурорын орлогч Б.Хатанбаатарын хамт БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа элчин сайдын яамны ажилтан Б.Балданг албан ёсны орчуулагчаар оролцуулан, эрх үүргийг нь тайлбарлан өгч доорхи нэр бүхий хүнийг байцаасан протокол.

Москва хот. Элчин сайдын Яаманд. 1990-6-28

БИЕИЙН БАЙЦААЛТ

АНАСТАСИЯ ИВАНОВНА ЦЭДЭНБАЛ-ФИЛАТОВА 1920 онд төрсөн, ЗСБНХУ-ын иргэн, эмэгтэй, одоо 70 настай, тэтгэвэрт суух, ам бүл -4, нөхөр Ю.Цэдэнбал, хүү Ц.Владислав-Цэдэнбалович-40 настай -ЭЗХТЗ-ийн харъяа Москва дахь Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, хүү Ц.Зориг-Цэдэн-балович-34 настай – ЗСБНХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх Могамоловын нэрэмжит институтэд байгаль хамгаалах асуудлаар эрдэм шинжилгээний ажилтан, гэрийн хаяг-Москва хот, Алексей Толстойн гудамжны 12-р байр, 23, 24 тоотод оршин сууж байгаа.

АСУУХ ЗҮЙЛИЙН ТАЛААР:

Асуулт: -Та БНМАУ-ын Хүүхдийн төлөө Фондын төв комиссын даргаар хэдийнээс эхлэн хэдий хүртэлх хугацаанд ажилласан ба ажил үүргийн ямар хуваарьтай байсан бэ? Өөрөөр хэлбэл, ямар асуудлыг комиссын дарга дангаар буюу хамтын удирдлагаар шийдвэрлэдэг байсан бэ?

Хариулт:- Би яг тодорхой санахгүй байна. Миний бодож байгаагаар, 1972-1984 онд би Хүүхдийн төлөө Фондын төв комиссын даргаар ажилласан. Би Хүүхдийн төлөө Фондын төв комиссын бүхий л асуудлыг хариуцдаг байсан, гагцхүү санхүүгийн талын асуудлыг би хариуцдаггүй байсан, санхүү-аж ахуйн талын асуудлыг Хүүхдийн төлөө Фондын төв комиссын opлогч дарга Дашдовдон, ерөнхий нягтлан бодох Жавзандулам нар хариуцдаг байсан. Учир нь би, нэгдүгээрт, хэл мэдэхгүй, хоёрдугаарт, ЗСБНХУ-ын иргэн болохоор мөнгөний асуудалд оролцдоггүй байсан.

Асуулт: – Хүүхдийн төлөө Фондын хөрөнгийг чухам юунд зарцуулах ёстой гэж та үздэг байсан бэ?

Хариулт: -Хүүхдийн төлөө Фондын хөрөнгийг зөвхөн хүүхэдтэй холбогдсон асуудалд, тухайлбал, барилга байгууламж, тоног төхөөрөмж, уралдаан тэмцээн, хүүхдийн тоглоом зэрэг асуудалд зарцуулдаг байсан. Энэ бүгдийгжил бүр тайланд тусгаж байсан. Энэ асуудлыг би ганцаар шийдэж байгаагүй, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй товчоо хэлэлцэж шийдвэрлэдэг байсан. Энэ тухай албан ёсны протокол, шийдвэрүүд нь байх ёстой. Хүүхдийн ясль, цэцэрлэг байгуулах, хүүхдүүдэд тоглоом төхөөрөмж олгох асуудлыг энэ товчоо шийдвэрлэдэг байсан, жил бүрийн тайланд тусгагдаж байсан.

Ясль, цэцэрлэг байгуулах, тохижуулах асуудлыг эхний үед Улсын төсөв төлөвлөгөөнд тусгадаггүй байсан, сүүлийн үед төсөв төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэдэг болсон.

Асуулт: -Хүүхдийн төлөө Фондын төв комиссоос бусдыг шагнаж урамшуулах, зочин төлөөлөгч урих, хүлээн авах зэрэг арга хэмжээнд зардлыг хаанаас гаргадаг байсан бэ? Зардлыг улсаас төсөв төлөвлөгөөнд тусгаж гаргадаг байсан уу? Эсхүл Хүүхдийн төлөө Фондын хөрөнгөнөөс гаргаж зарцуулдаг байсан уу?

Хариулт: -Зочин төлөөлөгч хүлээж аваад их хэмжээтэйгээр зардал гаргаад байсан юм байхгүй. Хүүхдийн төлөө фондын хөрөнгөнөөс зардал гаргаж байгаагүй гэж бодож байна. Энэ асуудлыг санхүү аж ахуйн асуудал хариуцаж байсан хүмүүсээс асуух хэрэгтэй.

Хүүхдийн төлөө фондод их хэмжээний хандив хөрөнгө оруулсан, дэмжлэг туслалцаа үзүүлсэн, энэ ажилд идэвх зүтгэл гаргаж оролцдог хүмүүсийг л шагнаж урамшуулдаг байсан. Тэгэхдээ, хэнийг юугаар шагнах, ямар барилга байгууламж барьж байгуулах, ямар тоног төхөөрөмж тоглоомоор хангах асуудлыг Хүүхдийн төлөө Фондын Төв комиссын товчоо хэлэлцэж шийдвэрлэдэг байсан. Тэгээд ч, тус комиссын санхүүгийн үйл ажиллагаанд жил бүр шалгалт хийгээд юу ч хэлдэггүй байсан. 1984 онд намайг ЗХУ руу явахын өмнө Хүүхдийн төлөө Фондын төв комиссын санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийгдэхэд ямар нэгэн мөнгө төгрөгний холбогдолтой асуудал гараагүй. Ямар нэг зөрчил байхгүй гэж Дашдовдон надад хэлсэн юм.

Япон улсаас цаг, магнитфон, хүлээн авагч зэрэг, барааг авч ирүүлж, эдгээр зүйлээр хүмүүсийг шагнаж урамшуулдаг байсан. Японоос авч ирүүлж байсан барааг Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Гинадо-Саво гэдэг хүний хөрөнгөөр худалдан авч байсан. Японд элчин сайдын яаманд Зинамэдэр гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд энэ асуудлыг Дашдовдон, Зинамэдэр нар хариуцаж байсан юм.

Асуулт: -Хүүхдийн төлөө Фондын Төв комиссын ажлыг МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлөөс хэн хариуцдаг байсан бэ?

Хариулт: -Хэн ч хариуцдаггүй байсан. Хүүхдийн төлөө Фондын Төв Комисс нь жил бүр ажлаа төлөвлөж, өөрийн товчоогоор батлуулаад хэрэгжүүлдэг байсан. Хүүхдийн төлөө Фондын хөрөнгөөр ясль, цэцэрлэгүүд, Идэр техникчдийн ордон, эмнэлэг гээд олон барилга байгууламжийг барьж байгуулсан.

Асуулт: -Дашдовдон ярихдаа “Хүүхдийн төлөө фондын төв комиссын шугамаар бусдыг шагнаж урамшуулах, гадаадын төлөөлөгчдийг урих, хүлээж авах, мэргэжилтэн авч ажиллуулах, өөрсдөө гадаадад явах, хөрөнгө мөнгө зарах, эд бараа бэлэг дурсгалын зүйл авах, зарах асуудлыг А.И.Цэдэнбал-Филатова голлох замаар шийдвэрлэдэг байсан” гэдэг юм. Үүнийг юу гэж үзэх вэ?

Хариулт: -Дашдовдон худлаа ярьж байна. Санхүү-аж ахуйн талын асуудлыг Дашдовдон, Жавзандулам нар хариуцдаг байсан. Би комиссын даргын хувьд бүхий л асуудалд оролцдог байсан хэдий боловч товчоо эцсийн шийдвэрийг гаргаж байсан. Хэнийг юугаар шагнах, гадаад орноос хэнийг урих, гадаадад хэнийг явуулах, хөрөнгө мөнгө юунд зарах, юу авах зэрэг асуудлыг товчоогоор хэлэлцэж шийдвэрлэдэг байсан, албан ёсны шийдвэр, тогтоол, протоколууд нь Хүүхдийн төлөө Фондын Төв комисст байгаа.
Мэргэжилтний тухай асуудал ерөөсөө яригдаж байгаагүй. Би өөрөө мэргэжилтэн шүү дээ. Энэ талаар би хэнээс ч асууж суралцахгүйгээр ажиллаж чадах мэргэжилтэн гэж өөрийгөө үзэж байсан.

Карамелийн гэр бүлийг л урьснаас өөр зочин төлөөлөгчийг урьж байгаагүй. Би өөрөө Хүүхдийн төлөө Фондын Төв комиссын шугамаар гадаадын орнуудад нэг ч удаа явж байгаагүй. Харин Дашдовдон л явдаг байсан. Тухайлбал, Манагуа, Япон зэрэг улсад Дашдовдон явсан. Намайг Франц улсаас хоёр удаа урьсан боловч Аюулаас Хамгаалах байгууллага зөвшөөрөөгүй учраас би явж чадаагүй юм. Харин Финлянд руу бол Монгол-Финляндын найрамдлын нийгэмлэгийн шугамаар явсан юм шүү.

Асуулт: -Хүүхдийн төлөө фондод дэмжлэг туслалцаа үзүүлсэн, хөрөнгө хандив оруулах ажилд идэвхитэй оролцсон тохиолдолд сайд, дарга нарыг нь шагнаад байсан атлаа байгууллага, хамт олныг шагнадаггүй байсны учир юунд байна? Ер нь ямар ажил хийлээ гэж сайд, дарга нарыг шагнаж байсан юм бэ?

Хариулт: -Хүүхдийн төлөө ямар нэг тодорхой ажил хийсэн, манай ажилд сайн туслаж, нэмэр хандив оруулсан хүмүүсийг л шагнадаг байсан. Сайд, дарга нарыг нь л шагнаж урамшуулдаг байсан, ер нь тийм л байсан шүү дээ. Энэ асуудлыг товчоо хэлэлцээд тогтоол шийдвэр гаргадаг байсан.

Асуулт: -1983 онд Хүүхдийн төлөө Фонд байгуулагдсаны 10 жилийн ойгоор 56 мянган төгрөгөөр бусдыг шагнаж байсан байна. Нэг удаа ийм их хэмжээгээр шагналыг хавтгайруулж хэрэглэсний учир юу вэ?

Хариулт: -Хүүхдийн төлөө Фонд байгуулагдсаны 10 жилийн ойгоор мөнгө төгрөг зарах нь зарсан. Энэ тухай товчоогоор хэлэлцсэн протокол, тогтоол байгаа. Дээд байгууллагаас ямар шийдвэр гарсныг болон хэнийг чухам юугаар шагнасныг одоо би санахгүй байна.

Асуулт: -Хүүхдийн төлөө фондын төв комиссын дүрэм-д “Хүүхдийн төлөө фондын хөрөнгийг цэцэрлэг ясли барьж байгуулах, тохижуулах, материаллаг баазыг бэхжүүлэхэд зарцуулна” гэж заасаи байхад яагаад уг хөрөнгөнөөс их хэмжээтэйгээр шагнал урамшилд зарцуулж байв.Сангийн яамнаас хүүхдийн төлвө Фондын төв комиссын санхүүгийн үйл ажиллагаанд 1973-1984 оныг хамарч хийсэн шалгалтаар 224.6 мянган төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүнийг та юу гэж үзэж байна?

Хариулт: -Би аж ахуй-санхүүгийн талын асуудлыг хариуцдаггүй байсан гэдгээ түрүүн хэлсэн. Миний гарын үсэгтэй, санхүүгийн холбогдолтой баримт нэг ч байх ёсгүй. Хүүхцийн төлөө Фондын төв комисст эцсийн шийдвэрийг товчоо гаргадаг байсан, мөнгө төгрөгийг зарцуулах асуудлын талаар мөн л уг товчоо шийдвэр гаргадаг байсан.

Санхүүгийн талын болон ажилд идэвхитэй дэмжлэг туслалцаа үзүүлсэн хүмүүсийг шагнаж урамшуулж байх тухай асуудлыг дүрмэндээ тусгаагүй нь буруу болжээ, хэрхэн яаж тусгахыг мэддэггүй байсантай холбоотой байх л даа. Гэхдээ бусдыг шагнаж урамшуулах замаар хүүхдийн төлөө фондыг арвижуулах, барилга байгууламж тоног төхөөрөмжөөр хангах ажлыг явуулж болдоггүй юм гэж надад хэн ч хэлээгүй шүү дээ. Хэрэв боддоггүй юм бол надад хэлээд өгч болох л байсан шүү дээ.

Хүүхдийн төлөө фондын төв комисст дарга, орлогч, нарийн бичгийн дарга, нягтлан-бодогч, нярав, жолооч гэх зэрэг зургаахан хүн батлагдсан орон тоогоор ажиллаж байсан. Тэгвэл байгуулсан барилга байгууламж, бий болгосон зүйл багагүй байсан байх. Хүүхдийн төлөө фонд зохион байгуулж, санаачилга гаргаж, хөөцөлдөж, бусад байгууллага, хамт олон, хүмүүс ч идэвхи зүтгэл гарган дэмжиж тусалж их ажил хийсний үр дүн гэж үздэг. Ер нь Хүүхдийн төлөө Фондын хөрөнгөөр барих барилга байгууламжийн зураг төслийг Зөвлөлтийн болон Монголын барилгын аль ч тал хамаагүй үнэ өртөггүйгээр хийгээд өгдөг байсан юм.

Асуулт: -Та гадаад оронд ажлаар болон амралтаараа явахдаа 12 мянга гаруй төгрөгийн зүйлийг бэлэг дурсгалын зүйл нэрийдлээр авч яваад тайлан гаргаж тооцоогоо хийгээгүй байна. Яагаад тайлан тооцоог хийдэггүй байв?

Хариулт: Би Хүүхдийн төлөө фондоос юу ч авч байгаагүй. Нэг удаа Финлянд явахдаа (оныг санахгүй байна) зардал мөнгө ч юм уу, бэлэг дурсгалын зүйл ч юм уу, юм авч явсан байж болно. Гэхдээ бүх зардлыг Финляндын тал бүрэн даасан учир бид юу ч зараагүй, эргүүлж авч ирээд тушаасан, бэлэг дурсгалын зүйл мөн адил.

Асуулт: -Москва хотын орчимд Жуковын тосгонд Зуслангийн байр бариулах асуудлыг чухамхэн анх санаачилж, хаанахын ямар байгууллагын шийдвэрээр хэрхэн яаж барилгын ажлыг эхэлсэн болох? Албан ёсны тогтоол шийдвэр нь барилгын ажил эхэлснээс хойно гарсны учир юунд байгааг ярьж өгнө үү?

Хариулт: -Москвагийн орчимд зуслантай болох асуудлыг бид өөрсдөө тавьсан. Лувсангомбо хэлэхдээ: “Анастасия Ивановна та энэ асуудлын талаар хөөцөлдөөд гүйгээд байх хэрэггүй, бид Москвад байр бариулчихъя, дараа нь та нар худалдаад авчих” гэж хэлсэн юм. Барилгын ажлыг Лувсангомбо, Чулуун нар эрхлэн хариуцаж байсан. Москвад барилга барих тухай асуудлыг МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо шийдвэрлэсэн.

Барилгын талбайг тогтоосон хэмжээнээс нь ихэсгээд байсан юм байхгүй, гагцхүү гадна ил хоёр вирандтай байсныг нь барилгын зураг хийсэн, барих хүмүүсийн зөвлөснөөр битүүлээд өрөөний зохион байгуулалттай болгосон, мөн доод талд нь харуул хамгаалалт байлгах юм гээд давхар болгочихсноос барилгын талбайн хэмжээ (ашигт талбай), үнэ өртөг нь нэмэгдсэн юм билээ.

Бидэнд тийм их мөнгө байгаагүй, бид мөнгийг гуйвуулж авч чадахгүй байсан. Тийм учраас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Лувсангомбо “Москвад бид НАХЯ-ны хөрөнгөөр зуслангийн барилгыг бариулчихъя, дараа нь та нар худалдаад авчихна биз” гэсэн. Сүүлд нь Ж.Батмөнх дарга “Улсын хөрөнгөөр барьсан байр учраас хувьд худалдахгүй” гэсэн, С.Лувсангомбо ч “Би мэдэхгүй, мэдэлгүй” гэдэг болсон. Ийм учраас бид уг байрыг хувьдаа худалдан авч чадаагүй юм.

Асуулт: -Та МАХН-ын Төв Хороо, Засгийн газрын бэлгийн фондноос Ю.Цэдэнбалын нэрээр бусдыг шагнаж байсан уу?

Хариулт: -Намын Төв хороо, Засгийн газрын бэлгийн фондын талаар комиссар Гэндэндаржаа, дараа нь Нанзад нар сайн мэдэх ёстой. Тэд энэ асуудлыг хариуцаж, гүйцэтгэдэг байсан юм. Цэдэнбал болон би уг фондноос юу авч, хэнд өгснийг мэдэхгүй, тэд л бүгдийг мэдэх учиртай. Би энэ ажилд оролцдоггүй байсан, энэ фондын асуудалтай харьцаж байгаагүй. Ер нь миний гарын үсэгтэй баримт байгаа юм уу? Хэрэв тийм баримт байвал надад үзүүлэх хэрэгтэй байна.

Тодорхой баримттай байж, түүнийгээ тулгуурлаж хүнийг ялладаг биз дээ. Иймд, би баримт шаардаж байна.
Хүүхдийн төлөө Фондын төв комиссын санхүүгийн үйл ажиллагаанд жил бүр баримтын шалгалт хийгддэг байсан, тэгэхэд ямар нэг хэмжээгээр надтай холбогдсон зөрчил дутагдал яригддаггүй байсан.
Миний төрсөн өдрийн ойгоор байгууллага хүмүүс надад дурсгалын зүйл өгч байсан, түүнд хүлээн авагч, магнитфон зэрэг зүйл л байдаг байсан, харин үнэт эдлэл өгч байгаагүй.

Манай гэрт бэлэг дурсгалын зүйлд ирсэн мөнгөн аяга нилээд хэд байсан ба түүнийг Монголд байхдаа хүмүүст эргүүлээд бэлэглэдэг байсан, одоо манайд 3-4 ширхэг мөнгөн аяга үлдсэн болов уу гэж бодож байна.

Асуулт: -Ц.Молом, С.Лувсан нар Улсын сан хөмрөг болох алтан зоос, алтан аяга зэрэг зүйлийг Ю.Цэдэнбалд өгч байсан байна. Эдгээр зүйлс хаана байна?

Хариулт: -Би энэ тухай юу ч мэдэхгүй, юу ч сонсож дуулаагүй юм байна.

Асуулт: -Таны 60 насны ойгоор Геологийн яамны сайд байсан Хурц танд дотроо байгалийн цэвэр алттай чулууны цуглуулга өгсөн байна. Үүнийг яасан бэ?

Хариулт: -Би чулууны цуглуулга дотор алт байсан эсэхийг мэдэхгүй байна. 1988 онд Монголд эргээд очиход цуглуулга байхгүй болчихсон байсан.

Асуулт: -Та -”Зоос гоёл чимэглэлийн үйлдвэрт” Сазанов гэдэг хүнийг мэргэжилтнээр авч ирж ажиллуулаад, түүгээр алтан эдлэл их хийлгүүлдэг байсан байна. Алтыг хаанаас авч байсан бэ?

Хариулт: -Би өөрийнхөө алтан эдлэлийг эвдлээд юм хийлгэдэг байсан юм.

Гэснээр байцаалтыг завсарлаж, протоколтой танилцаж гарын үсэг зурахыг мэдэгдэхэд, А.И.Цэдэнбал-Филатова нь “Протоколтой танилцахгүй, гарын үсэг зурах шаардлагагүй. Би ЗСБНХУ-ын иргэн болохоор намайг байцаахдаа Зөвлөлтийн талаас зөвшөөрөл авах ёстой. Энэ удаагийн байцаалтын протоколыг миний тайлбар болгох маягаар авч байна гэж ойлголоо” гэв.

Байцаалтад Улсын прокурорын орлогч Б.Хатанбаатар оролцож ярилцсныг хальс бичлэгт хурааж авахад, нэг кассет болсон болно.

БАЙЦААЛТ ЯВУУЛСАН:

1……………..Б.Хатанбаатар,
2…………….. Ж.Бат-Эрдэнэ,
орчуулагчаар ажилласан Б.Балдан

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...