Ц. Нямдоржийн хэлсэн “гөлөг” хэмээх үг сэтгүүлзүйд шинэ эрин авчрах уу?

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.


Хүн доромжилж болдоггүй, нэр төрийг нь гутааж болдоггүй л гэдэг. Болдог ч байж магадгүй байдал бий болоод байх шиг. Эсвэл хуульзүйн сайд бол болдог, иргэд болдоггүй байж бас болно. Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл сайд маань доромжлоогүй ч байж бас мэднэ. Үгийн утга, өнгө гэж хэл шинжлэлд маш нарийн асуудал, хүн хоорондын харилцаанд, ялангуяа сэтгүүлзүйд түүнийг хэрхэн хэрэглэх нь бүр ч ээдрээтэй учраас олон талаас нь хянаж үзэхгүй бол болохгүй.

Юун тухай манай яриад байгааг уншигчид маань сайн ойлгож байгаа. Тийм ээ, УИХ-ын гишүүд нэгнийгээ гөлөг, нохой хэмээн дуудалцсан маргааныг л хэл шинжлэлийн үүднээс задлан шинжлэх гээд байна.

1. Доромжилсон эсэхийг нь хэрхэн тогтоох вэ?

“Гөлөг” хэмээх үг доромж үг мөн эсэхийг ингэхэд шүүх хурал дээр маргалдлаа гэхэд хэрхэн тогтоох вэ? Я.Цэвэлийн, эсвэл шинээр гарсан 5 боть толиос л харна биз дээ. Толь бичигт бол “зарим араатан амьтны (ялангуяа нохойн) үр зулзага” гэж тайлбарласан байгаа байх. Үндсэн утга нь энэ. Гэвч монголчууд зарим тохиолдолд нас бага хүнийг доромжлох утгаар, бас заримдаа өхөөрдөх утгаар “гөлөг” гэж хэлэх нь бий. Мэдээж хэрэг, Нямдорж сайд, хэрэлдэж байгаа хүн юу гэж өхөөрдөв гэж, доромжилсон утгаар нь л хэрэглэсэн биз. Гэтэл “үгүй, өхөөрдсөн” гэж бас хариулж болно оо доо.

Монголчууд “гөлөг” гэсэн амьтны нэрийг хүний тухайд хэрэглэхдээ ихэвчлэн доромж утгаар хэрэглэдэг нь үнэн боловч, “ихэвчлэн” гэдэг 100 хувь биш, “ихэвчлэн” илэрхийлдэг утгаас нь өөр утгаар хэрэглэх эрх нь хэн бүхэнд бас бий. Тэгж яривал, “борвио нээж байгаа гөлөг нэг хөөрхөн” гээд Ертөнцийн гуравт ч орчихсон байдаг. Ер нь ингэхэд “нохойн үр, зулзага” гэсэн утгатай үг яагаад заавал доромжилсон байх ёстой гэж. Нохой хүний сайн нөхөр гэдэг юм биш үү?

Түүнээс гадна Нямдоржийг нохойтой, Тэмүжинийг гөлөгтэй харьцуулан үзэхэд үнэхээр доромжлуулж байгаа эсэх нь бас эргэлзээтэй. Нохой хэрэв ярьдаг сан бол, гөлөг хэрвээ бичдэг сэн бол өдийд бас “Биднийг Нямдорж, Тэмүжин нартай зүйрлэсэн байна. Нэр төрөө сэргээлгэнэ” гээд явж байж ч бас мэдэх юм шүү.

2. Олон утгатай үгийн хэрэглээ

Үг гэж хэрэглээ, хам сэдэв, хэлж байгаа аялга зэргээсээ шалтгаалаад маш олон төрлийн утгыг илэрхийлж болдог нарийн ухагдахуун. Герман эмэгтэй монгол айлын хүүхдийг өхөөрдөөд “бяцхан сармагчин” гэсэн, нөхөр нь гомдоод, уурлаад сүйд болсон хэргийг би мэднэ. Нямдорж сайд “өхөөрдөж” хэлснийг Тэмүжин буруугаар ойлгоод гомдсон байвал шүүх үүнийг хэрхэн шийдэх вэ? Тэр хүн дотроо юу гэж бодож тэр үгийг хэрэглэснийг тэр хүнээс өөр хэн ч, шүүгч ч үл тодорхойлж чадах билээ. Ялангуяа Нямдорж гуай Хуульзүйн сайд юм чинь бүр ч хэцүү.

3. Өөр өөрийнхөөрөө хэрэглэе, хэрхэн ойлгох нь харин дураараа болог.

Дээрх бичсэнээс дүгнэхэд, хэрвээ Нямдорж сайд, Тэмүжин нар нэгнээсээ, эсхүл ард түмнээсээ уучлал гуйхгүй бол сэтгүүлзүйд нэгэн шинэ эрин эхлэх боломжтой болж байна. Юу гэхлээр, үгийг бид өөрсдөө аль ч дуртай утгаараа хэрэглэж болно. Тэд өөрсдөө хэрхэн ойлгох нь бол хамаагүй. Буруу ойлгосон хүнээс болж зөв утгаар нь бичсэн хүн буруутна гэж юу байх сан билээ. Ялангуяа амьтны нэр бол сонгодог жишээ.

Хуульзүйн сайд УИХ-ын гишүүнийг “нохойн зулзага”-аар дуудаад буруутахгүй байгаа юм чинь жирийн нэг сэтгүүлч УИХ-ын, ялангуяа хэн нэг эмэгтэй гишүүнийг “нохойн эмэгчин”-ээр нь дуудан бичихэд ер асуудалгүй байх нь ээ дээ. Шинжлэх ухааны үүднээс үзвэл эр, эм нохой, хийгээд үр төлийнх нь аль нь алинаасаа илүү сайн болохыг тогтоосон зүйл байхгүй, бүгд адил зиндаанд байгаа нь тодорхой.

Нохойн эмийг “жингэр”, чонын эмийг “гичий” гэнэ. Ард түмэн бид чинь төрийн түшээдийнхээ хувьд үр хүүхэд нь л гэсэн үг, тэр олон хүүхдээ тэжээх гэж зовж байгаа, яг л олон хөхт амьтан мэт энэ сайхан үйлийг нь бодоод би тойргоосоо сонгогдсон энэхүү эрхэм эмэгтэй гишүүнийг “жингэр гишүүн ……….” гэсэн юм аа гэх нь ээ дээ. Тэгээд гомдол гарах юм бол “Яагаад амьтны эрийг нэрлэсэн үг “чоно, азарга, бар” гэх мэтээр магтаал болоод эмийг нь нэрлэсэн “гичий, гүү, өлөгчин” нь доромж болдог билээ? Та өөрөө ямар утгаар хүлээж аваад байна, та өөрийгөө доош нь хийгээд байгаа хэрэг биш үү?” гээд л эргүүлээд бухна.
Асуудал бүр лавшраад хэлний томоохон толь шүүрдэх дээрээ тулбал “өлөгчин” гэсэн үгийн анхдугаар, үндсэн утга нь “аливаа амьтан, чоно, бар мэтийн эмийг нэрлэх нь” хэмээн тайлбарласан байгаа. “Үгийг үндсэн утгаар нь сэтгүүлч би хэрэглэв, эрхэм гишүүн ихэд муухай салаа утгаар нь ойлгов”, бараг л “орчуулгын алдаа болов, ойлголтын зөрүү гарав” гэсэн юм хэлээд сууж байж болох нь.

Хуульч гишүүн Нямдорж, Тэмүжин нар ямар нэг тайлбар хийж, ард түмнээсээ уучлал гуйгаагүй тохиолдолд шүү дээ.

“УИХ-ын гишүүд нэгнээ амьтнаар дуудаж болно, бусад нь харин гишүүдийг амьтнаар дуудах хориотой” гэсэн хууль гараагүй л тохиолдолд бид ч бас хоёр сайхан гишүүнээсээ үлгэр аваад өнөө муу 76-гаа бас янз бүрээр хэлж болох боломж нээгдэж байна.

Ард олонд үр ашгаа өгдөг, хөдөө аж ахуйн үнэн хэрэгцээт амьтан байдагтай гишүүдээ зүйрлэн магтаж “76 ашигтай гахай минь”, эсвэл шарласан хүн залгихад хамаг өвчнийг нь өөртөө аваад үхдэг нэг амьтан байдаг, тэрбум тэрбум төгрөг биднийхээ төлөө үнэн голоосоо зарцуулах гэж байгаа энэрэнгүй үйлс, их гавьяатай нь зүйрлэн “76 нүнжигтэй бөөс минь” гэсэн ч болох нь.

Үгийг өөрийн дураар ашиглаж, эрхэм түшээдээ элдэв ашигтай амьтнаар дуудаж болох шинэ эрин сэтгүүлзүйд ирж байгаа юм биз?

2010 оны 01 сарын 18
Мягмарын Саруул-Эрдэнэ (АНУ)
Даяар Монгол сонин

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...