"Илбэ"-тэй Хятадууд




Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.


Өмнөговьд хятадууд "илбэ" үзүүлжээ. Идэж байсан жимс, хоол, махаа шив, шинэхнээр нь орхиод эзэд нь өөрсдөө "илбийн ертөнц" рүү одчихсон байсан гэнэ.

Тэдний энэ "үзүүлбэр"-ийн туслах жүжигчин нь монголчууд. Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт Булган хорго буюу нутгийн иргэдийн хэлж заншсанаар Хар уул гэдэг нэртэй газар бий. Говийн бага дархан цаазат газрын орчны бүсэд багтдаг энэ газар хар, цагаан тугалгын ордтой.

Хуулийг уландаа гишгэсэн хятад "малтагч" нарын урт гар, хүйтэн сэтгэл манай том, жижиг дарга нарын тусламжтайгаар улсын тусгай хамгаалалттай газрын маань хөрсийг аймшиггүйгээр сэндийчиж, ашигт малтмалыг нь ухаж байна.

Энэ тухай мэдээлэл анх өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Монголын байгаль орчны төлөөх өмгөөллийн төвийнхөнд иржээ. Мэдээллийн дагуу шалгалт хийхээр очсон тэд Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга н.Бадарч, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Болд нартай хамт Булган хорго руу явжээ. Н.Болд дарга "Тэнд очоод юу ч байхгүй болохоор очоод ямар ч хэрэг байхгүй" гэж шалгалтынханд хэсэг учирлаж байснаа гэнэт "Надад ажил гарлаа" гээд тэднээс салж, буцаад явчих нь тэр.

Тиймээс тэд цааш Бадарчаар газарчлуулж, зорьсон газартаа хүрэхийн өмнөхөн нэг айлаар дайраад гарчээ. Айлынхан "Манайхаас арван км-ийн зайд хятадууд байгаа. Өчигдөр лав байсан" гэж.

Шалгалтын багийнхныг Булган хоргод очиход арван тасалгаатай түр сууц угтжээ. Харин эзэд нь байсангүй, бүр ор сураггүй алга болсон байж. Саяхан идэж байсан болов уу гэмээр гурилтай шөлний шавхруутай аяга, цоо шинэхэн усан үзэм хаясан хогийн сав, бас л шинэхнээр нь лангуун дээр тавиад орхисон мах энд байсан хүмүүс "алга болоод" удаагүйг гэрчилнэ.

Гэсэн ч үл үзэгдэгчид тэнд хайгуул, олборлолт хийж байсан ул мөрөө баллаж амжаагүй байв. Сорьц, дээж авсан чулуу, их хэмжээний, зориулалт нь үл мэдэгдэх химийн бодис, дархан цаазат газар хайр найргүй талхалсан хүнд даацын машины замууд тэднийг энд чухам юу хийж байсныг "хэлж өгчээ".

Энэ газарт Монголчууд хоорондоо холбоо барих ямар ч боломжгүй, зөвхөн Хятад гар утасны сүлжээ л барьдаг байна. "Ажил гарчихлаа" гээд яарч сандран буцсан Н.Болд даргыг хятадуудад мэдээ хүргэсэн хэргийн эзэн гэж хардаж байгаагаа шалгалтынхан нуугаагүй юм.

Нийслэлд ирснийхээ дараа шалгалтын багийнхан энэ явдлын учрыг тодруулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд албан бичиг хүргүүлсэн байна. Яам хариуд нь "Бид энэ талаар Н.Болд даргаас тодрууллаа. Хятадын "Dun Uani" компани үйл ажиллагаа явуулж байсан байна. Тус компанийн ажилчдыг нэг жилийн өмнө Монгол Улсын хилээр албадан гаргасан. Та бүхний тэнд харсан эд зүйл бол тэдний хэрэглэж байгаад үлдээсэн юмс байх гэж Н.Бадарч тайлбарлаж байна" гэжээ. Ийнхүү "Dun Uani" компанийн хятадууд нэг бол ор сураггүй алга болдог, нөгөө бол идсэн, хэрэглэснээ шинээр хадгалах ид шидэд нэвтэрхий суралцсан "илбэчид" болж таарав. Тэндээс олдсон хорт бодисуудыг шинжлүүлэхээр өгсөн ч одоо болтол хариу нь гараагүй байна. Уг нь манай төрийн үйлчилгээ зарим үед түргэндээ хэт түргэн үйлчилдэг нь нууц биш. Наад зах нь 3-4 cap хөөцөлдөж байж уул уурхайн олборлолт хийх эрх авдаг жишгийг тавхан өдрийн хугацаанд олгож "рекорд" тогтоосон түүх манай төрийн байгууллагад бий. Бас Өмнөговьд аймгийн газрын албанаас "Шинээр олгох газар байхгүй" гэж учирлаад зөвшөөрөл өгөөгүй байхад сумын Засаг дарга нь дур мэдээд Хятадын компанид газар олгосон явдал ч гарч байж.
Эх сурвалж:Зууны мэдээ

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...