Цагаан сараас өмнө бөхчүүд зодгоо шинэ загвараар солино

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.

Удахгүй болох сар шинийн барилдаанаар бөхчүүд шинэ зодогтой барилдана гэсэн мэдээлэл гарах боллоо. Ингээд энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан дараах тайлбарыг өглөө.

-Цагаан сараас өмнө бөхчүүдэд зодгоо солихоор болсон гэж яригдах боллоо. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-2001 оны 4-р сарын 21-нд болсон Цэцдийн зөвлөлийн хурлаар бөхийн өмсгөлийн стандартыг анх баталсан. Үүнээс өмнө шуудаг нь хэт өргөн, мөн элэг бүс маш нарийн, хатуу эдээр хийдэг байсан. Зодогны ширээсийн хувьд зарим бөхчүүд хатуулга хийж давхар ширсэн, үндсэн ширээсний дундуур нэмэлт ширээс хийж өмсөх болсон. Иймээс энэ мэт зүйлийг засуулах зорилгоор стандарт гаргасан. Энэ стандартад зодог, элэг бүс, малгай, гутлын хүлэг гээд бүгд ямар байхыг нарийвчлан зааж өгсөн. Гэтэл сүүлийн үед зодогны суганы ухаадас хэтэрхий битүү болчихсон. Зодогны загвар, эсгүүрийг энэ стандартад тааруулах ажил болохоос биш шинэ стандарт гаргаж байгаа юм биш. Зарим нэг хэвлэлд цоо шинэ стандарт гаргаж байгаа мэтээр буруу ташаа ойлгож, мэдээлээд байгаа. Зодогны стандартын 1.1-д “Зодог нь саран хэлбэрийн, уутан хэлбэрийн гэсэн хоёр эсгүүртэй байна” гэж заасан байдаг. Ер нь эртнээс ийм хоёр загварын эсгүүртэй байсан уламжлалтай. Одоо бараг бүх бөхчүүд саран хэлбэрийн зодогтой, ганц нэгхэн бөх л уутан хэлбэрийн зодогтой байна. Ийм бөхчүүд бүгд зөвхөн саран хэлбэрийн зодгийг сонгох хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан.

-Саран хэлбэрийн зодог нь уутан загвараасаа юугаараа онцлог байдаг юм бол…?
-Уутан загвар гэдэг нь мөр рүү арай илүү давсан эсгүүр юм. Ийм загвар нь барьц авахад жаахан муу, бөхийн цээж мөрийг хавчиг харагдуулдаг дутагдалтай. Харин саран хэлбэрийн зодог нь мөрний үе ил гарахаар суганы ар хонхрын ухаас нь далбаа махнаас хоёр хуруу дээгүүр байхаар хийгддэг. Бөхчүүдийн одоо өмсөж буй зодогны стандарт нь мөрний үе ил гарах нь таарч байгаа ч суганы ухаадас нь далбаа махаа битүүлчихсэн байгаа. Зодог, шуудаг оёдог үйлдвэрийн хамт олон, аж ахуйн нэгжүүдэд энэ стандартыг өгсөн. Тэгэхээр цагаан сараас өмнө улс, аймгийн алдар цолтой нийт бөхчүүд маань энэ стандартын загвараар зодгоо хийлгүүлж өмсөх болж байна. Бөхчүүд маань стандартын дагуу зодгоо хийснээр олон давуу тал гарч ирнэ. Харилцан барьцтай болох учраас монгол бөхийн уламжлалт суйлах, өмсөх, сугадаж тонгорох гэх мэтийн мэхүүд сэргэж, барилдаан хурдан шуурхай явагдах болно.

-Шуудагны тухайд?
-Шуудаг болж байгаа гэж үзсэн. Ганц нэг бөхийн шуудаг арай өргөн харагдаж байгаа. Үүнийг тухайн бөхөд нь хэлээд засуулчихна. Бусад стандартууд ерөнхийдөө биелж байгаа. Зөөлөн эдээр хийнэ, ямар нэг зүйл хавчуулж оёхгүй, нэмэлт ширээс хийхгүй, ширээс 8 см-аас илүүгүй байх ёстой. Харин элэг бүсний хувьд хоёр янзаар хийгээд байна. “Зодогны элэг бүсийг мяндас, хөвөн утас, марль, хадагаар гурваар сүлжин хийх бөгөөд ерөнхий голч нь 1,5 см-аас багагүй байна” гэж стандартад заасан байдаг. Гэтэл зарим бөхчүүд хавтгай, сүлжээгүй зүйлээр элэг бүсээ хийсэн байдаг. Энэ нь барихад зөөлөн боловч хавтгай учраас бусдын хуруу, гар гэмтээх магадлалтай. Одоо бусдынхаа гарыг нялга болгочихдог бөх цөөхөн боловч ганц нэг байгаа.

-1970-аад оны үеэс зодгонд жаахан гажуудал гарч эхэлсэн гэж ярьдаг?
-Тийм. Үүнээс гадна манай бөхчүүд өөрсдөө хоёр зүйлийг их буруу ярьдаг. Зодгоо “далбаа” гэж хэлдэг. Энэ нь 1970-аад оны үед гарсан бас нэг буруу хэллэг. Зодог, шуудаг гэж ярих ёстой. Мөн “ам авах” гэхийг “ам угтуул авах” гэж аварга, арслангууд хүртэл буруу ярьдаг. Авахуулж байгаа бөх нь “амны бөх”, амлаж авч байгаа бөх нь “угтуул бөх” юм. Угтуул бөх нь очиж ам бөхөө авдаг учиртай. Иймээс энэ хоёр хэллэгийг засч, зөв ярьж сурах шаардлагатай байна.
ГоГо

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...