МонголБанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат: Намайг очиход “Улсын Эрдэнэсийн сан” хогийн сав шиг л юм байсан


Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.

УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай ярилцлаа.

-Таны бие тэнхээ сайн уу. Саяхны зарим сонин хэвлэлд О.Чулуунбат гишүүний бие муу байгаа гэсэн мэдээлэл гарсан байсан?

-Миний бие сайн, зүгээр байна. Харин нэг гap механик гэмтэлд өртсөн юм уу яасан юм хөдлөхөд зовиуртай байгааг эс тооцвол бие зүгээр байна.

-Төв банк болон банкиы тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хзлэлцэж эхэллээ. Хэлэлцүүлгийн үед таны зүгээс хуулийн төсөлд хариуцлагын тухай асуудлыг хөндөж тусгаагүй байна. Уг нь төв банк арилжааны банкууддаа хяналт тавьж, тэр хэрээр хариуцлагаа хүлээх учиртай гэсэн саналыг гаргаж байсан. Энэ асууддыг хэлэлцэж байх үед “Анод”, “Зоос” банктай холбоотойгоор гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй зүйлүүдийг хөндөж байна. Та чуулганы танхимд хэлж байсан асуудлаа тодруулж ярихгүй юу?

-Дэлхий нийтийн банкны салбарт хоёр тогтолцоо бий. Төв банк нь арилжааны банкуудаа хянаад хариуцлагаа даагаад явдаг нэг тогтолцоо байна. Нөгөө нь Засгийн газар нь арилжааны банкуудаа хянах тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд нь хүндэрч алдагдалд орвол Засгийн газар нь мөнгө өгч пассивуудын төлбөрийг нь төлөөд активуудыг дараа нь цуглуулдаг тогтолцоо байна. Манайд арилжааны банкуудаа төв банк нь хянадаг болохтой зэрэг хяналтаасаа үүдэлтэй хариуцлагаа төв банк нь даагаад явбал зүгээр байгаа юм. Харин өнөөдөр төв банк нь хянаад байгаа мөртлөө алдагдал гарч, хүндрэлд орохоор л Засгийн газраар асуудлыг шийдүүлээд байна. Өөрөөр хэлбэл төсвөөс мөнгө гарга, Засгийн газар бонд гарга гэсэн асуудлыг тавьж эхэлсэн. Тиймээс би энэ хуулиар өнөөдрийн энэ тогтолцоог нэг тийш нь болгочихвол яасан юм гэсэн санал гаргаад байгаа юм. Дэлхий нийтэд ихэнхдээ арилжааны банкуудаа Засгийн газар нь хянадаг учраас Засгийн газар нь мөнгөө гаргаж туслаад эрх хулээн авагч гэдгийг гүйцэтгээд яваад байгаа юм. АНУ-д санхүүгийн хямрал болж, томоохон арилжааны банкууд нь хүнд байдалд ороход Засгийн газар нь мөнгө өгсөн. Гэтэл жилийн дараа мөнгө авсан банкууд Засгийн газартаа мөнгөө эргүүлээд төлж байх жишээтэй. Харии Монголд арилжааны банкуудаа төв банк хянаж байгаа учраас төв банк л хариуцах учиртай гэсэн байр суурьтай байгаа юм. Би нэг тод жишээ хэлье. 1999 онд ХОТШ банк дампуурсан. Миний бие 2000 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн албыг хүлээж авах үед Сэргээн босголтын банкийг Засгийн газрын өр барагдуулах алба руу шилжүүлсэн байсан. Харин би өр барагдуулах алба руу шилжүүлээд хэрэггүй. Монголбанк асуудлыг өөрөө хариуцаад явах санхүүгийн болоод эрхзүйн чадвартай гөж үзсэний дүнд бүх өр авлагыг хөөцөлдсөн юм. Монголбанк ХОТШ банкнаас өгсөн зээлүүдийг цуглуулаад, дараа нь иргэдийн хадгаламжийн, компаниудын харилцах дансны мөнгийг бүгдийг төлж тэглэсэн. Энэ бол хариуцлагаа хүлээж ажиллаж чадсан хэрэг юм. Сэргээн босголтын банкны бүх зээлийг өр барагдуулах алба руу шилжүүлсэн ч өнөөдөр болтол их хэмжээнийг өрийг барагдуулаагүй л явж байна. Бидний амьдралд ийм тод жишээ байхад яагаад энэ байдлаар хуулиа батлаад явж болохгүй юм гэсэн байр сууринаас хандаад байгаа юм.

- Хуулийн төсөлд энэ асуудлыг ер тусгаагүй байна уу?

-Тусгаагүй байна.

-Монголбанкны Ерөнхийлөгч чуулганы танхимд арилжааны банкуудад төв банкны зүгээс жилд нэг удаа очиж шалгалт хийдэг. Бид хариуцах ажлаа хариуцаад явдаг. “Анод” банкны хувьд 2008 онд гаргасан зээлүүд байсан гэж тайлбарласан. Ер нь та “Анод” банкны хувьд ямар байр суурьтай байдаг вэ? Та “Анод” банк тойрсон дуулиан анх гарч байхад энэ бол эрүүгийн биш, иргэний хэрэг юм. Банкны удирдлагуудыг би луйварчид гэж бодохгүй байна гэж ярьсан байсан. Харин өнөөдөр энэ хэрэг эрүүгийн хэрэг болж байна. Албаны хүмүүс энэ банк 58 тэрбум төгрөгийн алдагдалтай, 52 тэрбум төгрөгийг нь ах дүү, танил талдаа тараасанд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж хэлж байна?

-Монголбанк жилд нэг л удаа арилжааны банкуудыг шалгадаг журамтай биш. Арилжааны банкуудын үйл ажиллагаа хэвийн байхад нэг л удаа очиж шалгаж болно. Харин арилжааны банкуудын санхүүгийн байдал хүндрэлтэй, ямар нэгэн согогтой асуудал гараад ирвэл хэдэн ч удаа шалгаж болно. Хэрвээ арилжааны банкуудын төлбөрийн чадвар муудаж, иргэдийн хадгаламж, төлбөр түргэн гүйцэтгэх чадварт нь муугаар нөлөөлөөд эхэлбэл Монголбанк бүрэн эрхт төлөөлөгчөө томилоод арилжааны банкуудын удирдлагуудыг үүрэгт ажлаас нь холдуулах ч эрхтэй юм. Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Анод”банканд 2003, 2004 онд ийм шалгалт оруулж байсан. Тэр үед “Анод” банк зээлийг их хэмжээгээр өгөөд нийт активынхаа хэмжээг 60 гаруй хувьд хүргэсэн байсан. Тиймээс Монголбанк бүрэн эрхт төлөөлөгчөө томилон эргүүлж, 55 хувьд хүргэж байсан туршлага бий. 2008 онд манай арилжааны банкуудын зээл бүгдээрээ 70 хувь гарсан байсан. Өөрөөр хэлбэл, иргэдээс цуглуулсан бүх мөнгөнийхөө 70 хувийг нь зээл болгож өгөөд эргэлтийн хөрөнгөгүй болчихсон хэрэг. Уг нь дэлхийн жишгээр бол 50-55 хувиас хэтрүүлэхгүй байх хатуу дүрэмтэй байдаг. “Анод” банкны хувьд энэ зээл нь хэтэрснээс л ийм байдалд хүрлээ. Энэ хүндрэлтэй үед ямар арга хэмжээ авахыг бусад улс орны туршлагаас харахад төв банк болон Засгийн газар нь мөнгө өгч байгаа юм. Гэтэл манайх мөнгөө бүр татчихсан. Энэ бол маш алдаатай буруу арга хэмжээ болсон. “Анод”-ын хувьд мөрдөн байцаах ажиллагаа дуусаагүй байна. Ер нь арилжааны банкуудын хувьд ах дүү, найз нөхдөдөө зээл өгөхгүй гэсэн заалт байхгүй. Харин зээлийг найдвартай эргүүлж төлсөн байх учиртай. Гагцхүү хариуцлагын асуудал чухал юм. Тиймээс ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг шинэ хуулинд сайтар тодруулж, зохицуулж өгнө.

-Алдаатай арга хэмжээ авсан гэдгээ тодруулж ярихгүй юу?

-Нэгдүгээрт, зээлээ зогсоосон. Энэ нь мөнгөө татлаа гэсэн үг. Хоёрдугаарт, 500 сая ам.доллар зараад зах дээрээс 600-700 тэрбум төгрөг татаад Монголбанканд төвлөрүүлчихлээ. Энэ нь та бидний халаас болон арилжааны банкуудад мөнгө байхгүй болж байгаа хэрэг.

-Тэгэхээр таны хувьд төв банк хяналтаа ч тавьдаг, хариуцлагаа ч хүлээдэг байх учиртай гэж байна. Харин өнөөдөр монголын төр дампуурсан банкуудын өмнөөс хариуцлага хүлээсээр байна гэдэгт олон хүн шүүмжлэлтэй хандаж байна. Засгийн газраас бонд гаргана гэдэг нь татвар төлөгчдийн мөнгийг цацаж байгаа хэрэг гэдгийг хүмүүс мэднэ. “Зоос” банканд 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж өгсөнд ямар байр суурьтай байна вэ?

-”Зоос” банк нь ганц хоёрхон аж ахуйн нэгж мөнгө төлөөгүйгээс болоод ийм байдалд хүрсэн юм. Гэтэл мөнгөө төлөөгүй аж ахуйн нэгжийн барьцаа маш сайн барьцаа байгаа байхгүй юу.

-Тухайлбал?

-Олон овоотын орд гэж бий. “Зоос” банк дээр Монголбанкнаас эрх хүлээн авагчаа томилно гэдэг нь “Зоос” банкны бүх барьцаа Монголбанкны мэдэлд ирж байна гэсэн үг юм. Тэр барьцааг нь нээлттэй зах зээлд ил тодоор борлуулах хэрэгтэй. Олон овоотын ордыг зарахад 130-150 сая ам.доллар хүрэхээр сайн актив юм. Тэгээд банкны зээлүүдийг бушуухан төлүүлэх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд төрийн банк байгуулах ч шаардлагагүй, 100 төгрөгийн бонд ч гаргах хэрэггүй юм. Засгийн газраас бонд гаргана гэдэг нь төсвөөс мөнгө төлөхийн баталгаа.

-Олон овоотын орд сайн барьцаа болно гэж байна. Гэтэл Сангийн сайд энэ орд нь “Зоос”,”Анод” банкуудад хамааралгүй гэсэн утгатай зүйлийг байнгын хорооны хуралдааны үеэр хэлж байсан шүү дээ?

-Нэгдүгээрт, байдлыг сайн мэдэхгүй байна. Хоёрдугаарт, хууль эрхзүйн орчинг сайн ойлгоогүй байгаагийн шинж гэж бодож байна. “Анод”, “Зоос” банк хоёроос “Монгол газар” компани бараг 100-аад тэрбум төгрөг авсан байгаа юм. Ийм том зээлийг өгөхдөө Олон овоотын ордыг л барьцаалсан байх учиртай. Өөр тусгай зөвшөөрлөөр ийм том зээлийг банкууд өгдөггүй юм. Тусгай зөвшөөрлөө Америкийн “Goldman Sachs” банканд шилжүүлсэн гэж байгаа. Гэхдээ шилжүүлэхдээ барьцаагаа мултлаагүй байхгүй юу. Яагаад гэвэл өртэй байна гэдэг чинь барьцаа нь байгаа хэрэг юм. Харин ямар нөхцлөөр шилжүүлсэн гэвэл “Goldman Sachs”-aac 30 сая ам.долларын зээл авах юм. Тэгээд энэ банкнаас зээл аван үйл ажиллагаагаа сайжруулаад энэ хоёр банкныхаа өрийг төлөхөд тус нэмэр болох юм гэдэг үүднээс тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн болохоос биш барьцаа нь хоёр банк дээрээ байгаа юм. Тиймээс Монголбанк тусгай зөвшөөрлийг борлуулаад хамгийн түрүүнд иргэдийн хадгаламжийн мөнгийг төлөх ёстой. Хэрэв ингэж хоёр банкны өрийг төлөхгүй бол монголын хадгаламж эзэмшигчид бараг 100 тэрбум төгрөгөөр хохирох гэж байна. Хадгаламж эзэмшигчдэд тосвөөс 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж, төлбөр төлөхөөр болж байна. Тэгэхээр монголын бүх татвар төлөгч Ц. Мянганбаярын өрийг төлөх болчихоод байна. Хамгийн шударга бус шийдэл болох гээд байгаа биз дээ.

-Уул уурхайн томоохон төслүүд тэр дундаа Оюутолгой, Тавантолгой төсөл хэрэгжихтэй холбоотойгоор төмөр зам байгуулах асуудал маргааны сэдэв болж, олны анхааралд байна. Нэг хэсэг нь Оросыг, нөгөө нь Хятадыг түшиглэсэн төмөр зам байгуулах нь зүйтэй хэмээн талцаж эхэлсэн. Тэд өөрсдийн саналаа улсын аюулгүй байдал, эдийн засгийг бодолцох үүднээс гэж тайлбарлаж байна. Та ямар бодолтой байна вэ?

-Аль аль нь Монгол Улсад ашигтай хувилбар. Монгол Улс хөгжихийн тулд аль болох дэд бүтэц байгуулж л байх хэрэгтэй. Төмөр замтай болно гэдэг нь бид экспортоо гаргах чадвараа нэмэгдүүлж байна гэсэн үг. Харин маргаад байгаагийн учир нь монголын гүйцэтгэх засаглалын эрх мэдэл дутагдаад байгаагийн шинж. Үүнийг яриад байвал Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх, нэмэлт оруулах дээрээ л хүрнэ. Манайх чинь
эдийн засаг, хөгжил, санхүүгийн шийдвэр гаргадаггүй улс болчоод байна. Уул уурхай, Оюутолгой гээд гурав, дорвөн жил ярилаа. Эцэст нь анх оруулж ирсэн хувилбараасаа нэг их өөрчлөгдөөгүй төсөл оруулж ирлээ. Ердөө ганц хоёр зуун сая ам.долларыг л наашаа цаашаа ярьсан байх. Ингэх гэж гурав, дөрвөн жил маргалдсанаар бид хэдэн тэрбум ам.доллар алдаж байгаа юм. Төмөр замын хувьд ч тэр. Хэдэн cap маргалдаж, ард түмнийг хоёр хувааж орхилоо. Иймэрхүү байдлаар хөгжлийн асуудалд шийдвэр гаргаж чадахгүй цаг алдаж байна. Бусад улс орны хувьд хөгжлийн асуудалд Засгийн газар нь шийдвэрээ гаргаад л явдаг. Ард түмний гуч дөчин хувь нь эсэргүүцэж болно. Тэгэнгүүт л манайд ажил зогсож байна. Эсэргүүцэлгүй шийдвэр гэж ерөөсөө байхгүй.

-Энэ асуудалд ашиг сонирхлын зөрчил их бий гэж байгаа шүү дээ?

-Ашиг сонирхлын том зөрчил бий. Бизнесмэн, бизнесийн бүлэглэлүүдийн зөрчил байж болно. Харин энэ удаад намуудын зөрчил гарахгүй байна. Хуучин намуудын зөрчил хөгжлийн асуудалд саад болж байсан жишээ бий. Үүнд казиногийн хуулийг хэлж болно. Монгол Улсад ажлын байр нэмэх, жуулчид татах, ашиг орлого авч ирэх хууль байсан. Гэвч хоёр намын эрх ашгаас болж хуулийн төслийг цуцалсан. Ард түмэнд казино хор уршиг авч ирнэ гээд байгаа юм бол архи тамхины хууль хамаагүй илүү гай чирж ирж байна шүү дээ.

-Гүйцэтгэх засаглалыг ажлаа хийхэд нь хэн саад болж байна гэсэн үг вэ?

-УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл саад болно. Ерөөсөө Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ -нь бие биедээ чөдөр болох хууль эрхзүйн заалтуудтай юм. Тэгэхээр л Үндсэн хуулиа эргэж харах шаардлага гарч ирээд байгаа юм.

-Хүний хөгжил сангаас иргэдэд мөнгө хүртээхээр болж байна. Та бэлэн мөнгө тараахыг юу гэж үзэж байна вэ?

-Би мөнгө тараахын эсрэг байдаг. Харин хүнийг ажил хөдөлмөр хийхэд нь урамшуулал өгдөг системтэй баймаар байна. Тэгж байж л улс хөгжинө. Гэтэл энэ нь хамгийн залхуу юм хийдэггүй, дээшээ хараад амаа ангайгаад хэвтэж байдаг хүмүүсийг дэмжсэн нийгмийн бодлого болчихоод байна. Харин үүний оронд хөлсөө гаргаад хөдөлмөр хийсэн хүнийг маш сайн урамшуулах хэрэггэй юм. Би насанд хүрсэн хоёр хүүхэдтэй. Гэхдээ би тэдэндээ мөнгө өгөхийг хүсдэгтүй. Харин үүний оронд мэргэжил боловсролтой болох хэрэгтэй, өөрөө өөрсдийнхөө төлөө гүй, ажилла, хөөцөлд гэсэн зөвлөгөө өгдөг.

-Өнгөрсөн оны эдийн засгийн төлөв байдлыг товчхон хэлэхгүй юу. Хямралыг давах төлөвлөгөө хэр үр дүнгээ өгсөн гэж бодож байна вэ. Ирэх оны улсын эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?

-2009 онд нааштай үр дүн гарсангүй. ДНБ багасаж, ажилгүйдэл ихсэж, орлого багаслаа. Бүх салбарын борлуулалт багассан. Тэгсэн мөртлөө статистикийн мэдээллээр ДНБ ганцхан хувнар буурсан гэсэн байх юм. Би нэг их итгэхгүй л байва. Энэ онд Засгаас ямар арга хэмжээ авахаа харах учиртай. ОУВС-тай тохиролцсон хотөлбөроорөө явна гэвэл манай эдийн засаг сайн өөдлөхгүй л дээ. Бидний гол дутагдал мөнгө байхгүй байдаг. Гэтэл ОУВС-гаас монгө ихэсгэж болохгүй, инфляци ихэснэ гэсэн шаардлага тавьдаг. Гэвч мөнгө байхгүй бол улсын эдийн засаг хөгжихгүй.

-Таныг нэг хэсэг хуулийн байгууллагад шалгуулж байгаа тухай яриа гарч, сонин хэвлэлээр янз бүрийн л зүйл бичсэн. Ер нь та өөрийнхөө талаар бичсэн хэвлэлийн мэдээллийг хэрхэн хүлээж авдаг вэ. Саяхны нэг сонины дугаарт таныг Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа улсын “Эрдэнэсийн сан”-д гар дүрсэн. Эхнэр нь болоод өөрөө эртний хийцийн хөөрөг барьдаг гэсэн агуулгатай зүйл бичсэн байсан?

-Би тавь гаруй насалж байна. Олон найз нөхөдтэй болж, олон хүнтэй багагүй хугацаанд ажиллалаа. Арилжааны банканд ч хүртэл ажиллаж байлаа. Арилжааны банкны захирлаар ажиллаж байхдаа өөртөө ч юм уу ах дүү нартаа зээл бичээд бизнес хийх бололцоо байсан. Харин надад тэгэх шаардлага байхгүй. Тэр тусмаа Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа улсын Эрдэнэсийн санд гар дүрнэ гээд бодоод үз дээ. Би тэр мэдээллийг уншсан. Тийм төлбөртэй мэдээлэл байнга л явж байдаг шүү дээ. Атаа жөтөө ч юм уу хорсол ч юм уу эсвэл ийм улс төр байдаг юм уу бүү мэд. Монголбанкны бүх мэдээлэл буюу мөнгө төгрөггэй харьцсан протокол 25 жил хадгалагддаг юм. Намайг очиход “Эрдэнэсийн сан” хогийн сав шиг л юм байсан. Жишээ нь хятадын эртний зуун жилийн өмнө хэрэглэж байсан мөнгө тав зургаан уут байх жишээтэй. Монголбанк хятадын эртний мөнгө хадгалдаг хогийн сав биш шүү дээ. Дээр үеийн халбага сэрээ хэдэн тонноороо л байсан. Энэ бүхнийг зарж, борлуулаад Монголбанкны орлого болгосон. Монголбанк цэвэр алтаа, мөнгөө л хадгалдаг байх учиртай. Бид “Эрдэнэсийн сан” гэж тусгай сан гаргасан. Монголын ард түмний ур ухаан шингэсэн бахархам эд зүйлсийг багтаасан сантай болгож чадсан. Би тэндээс аваад байсан юм байхгүй.

-Таны ярианаас хүн болгон ажлын байртай, орлоготой, ашигтай байх нь чухал гэсэн ойлголт авлаа. Ийм болохын тулд юу хийх хэрэггэйг та товчхон тодорхойлж хэлэхгүй юу?

-Таатай хууль зүйн орчин хэрэгтэй. УИХ хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж, Засгийн газар хэрэгжүүлэх учиртай. Манай хуулиуд хэрэгжих шатандаа Засгийн газрын хэмжээнд тэр дундаа яамдын түшмэд дээр очихдоо мөнгө саах хэрэгсэл болж хувирч байна. Жишээлбэл, мэргэжлийн хяналтын байгууллага аливаа үйл ажиллагааг хаана гэж сүрдүүлдэг байгууллага боллоо. Харин мөнгө халаасанд нь хийвэл өөрөөр хандаж байна. “Бороо гоулд” компанийг компанийн үйл ажиллагаанд хамааралгүй шалтгаанаар хоёр cap гаруй хугацаатайгаар хаалаа. Энэ хугацаанд Монгол Улс 10 сая ам.доллар авах байснаа төрийн нэг байцаагчаас болоод алдаж байгаа юм. Тиймээс Засгийн газар гүйцэтгэлээ өөрчлөх хэрэгтэй болоод байна. Монголд нэлээд мөнгө хэрэгтэй байна. Ийм их баялагтай улс мөнгө татах биш оруулах бодлого баримтлах хэрэгтэй юм.
Монцамэ

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...