Ганц залуу арваад офицерийг зодчихож гэнэ


Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.

Пан азийн аварга Лхагва ч юм уу, боксчин Үйтүмэн цэргийн дарга нарыг цохиод цохиод унагаачихаж гэвэл эргэлзэх хүн цөөн гарах биз. Гэтэл бокс тоглох нь байтугай ширэн бээлийг нь углаж ч үзээгүй, бас бие хамгаалах урлагаар огт хичээллэж байгаагүй нэгэн залуу цэргийн эрдэмд суралцаж хошууч, дэд хурандаа цол хүртэтлээ дадлагажсан арваад эрсийг зодоод зогсохгүй шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуултал нь гэмтээсэн гэхээр нэг л үнэмшилгүй. Үнэхээр ийм явдал болох нь болжээ. Болохоор ч үл барам БЗД-ийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч Далайжаргал гэж дэслэгч шалгаж тогтоогоод, эрүү үүсгэчихсэн байна. Зодчихсон нөхөр мундаг эр юм, эсвэл цаад офицерууд гэж лойчихсон нөхөд байж таарах нь. Болсон явдлын талаар “офицеруудыг зодсон” гэх Э.Мэндсайханы ээж Л.Оюунбилэг ийн ярьлаа.
- 2009 оны 12 сарын дөрвөнд болсон явдал л даа. Миний хүү найзтайгаа, эхнэрүүдээ дагуулаад дөрвүүлээ БХИС-ийн урдхан талд байдаг ” АГОРА” гэх нэртэй караокед орсон юм билээ. Нэг үдшийг аятайхан өнгөрөөх л гэж л сонгосон газар нь тэр. Хэсэг сууж, дуулж байгаад манай бэр бие засахаар гарч. Нөгөө баар нь ганц нойлтой. Хаалган дээрээ эрэгтэй эмэгтэй аль алинд нь зориулсан хаяг тавьчихсан болохоор тэнд нь л орж. Гараад ирсэн чинь үүдэнд зогсож байсан хоёр офицер үгээр өдөж, эр хүний нойлд орлоо энэ тэр гээд ухаандаа сээтэгнэсэн юм шиг байгаа юм. Бэр маань хаягийг зааж, уучлал хүсээд өнгөрөөд явтал нэг нь араас нь өгзөгнөөс нь базаад авч. Ингэж доромжлуулсан бүсгүй хүн хэн ч байсан дургүйцнэ биз дээ. Хэдэн ширүүн үг хэлчихэж. Тэгсэн нөгөө хоёр агсарч янхан манхан гэхчлэн элдвээр нь хэлсэн байдаг. Охин маань маш их гомдож, орж ирээд нөхөртөө хэлж л дээ. Хүү яаж зүгээр байхав. Нөгөө хоёр дээр очиж уучлал гуйхыг шаардсан чинь хэрэг бишдэж, шууд л “Чи муу гөлөг юу гээд байгаа юм” гэнгүүт шанаадсан гэсэн.
- Нөгөө хоёрын нэг нь үү ?
- Хоёулаа байснаа бусдыгаа дуудсан бололтой юм. Тэнд БХИС-ийн арваад дарга нар архидаж байсан юм билээ. Голдуу л хошууч, дэд хурандаа нар. Хилийн цэргийн хоёр ч офицер байсан гэж хүү хэлсэн. Эхний цохисон нь Ганболд гэж хошууч. Хүү маань нэг цохиулж аваад шууд цагдаад утасдаж хэлж амжсан байгаа юм. Уур омог нь багтаж ядсан халамцуу офицерууд миний хүүг тал талаас нь ноцож, өшиглөж зодож байтал ашгүй цагдаагийнхан ирсэн гэсэн. Тэгээгүй бол яах ч байсан юм бүү мэд.
- Гэмтэл нь хүнд юм уу ?
- Энд тэндгүй л хөх няц болсон байсан. Хувцас хунар нь зөндөө урагдчихсан л ирсэн дэг. Арай ч яс мас нь хугарч бэртээгүй. Цагдаа нарыг харангуут нөгөө дарга нар зугтаачихаж. Эргүүлийнхэн хойноос нь хөөж Ганболд гэж нөхрийг барьсан юм байна лээ. Тэгээд нэгийг нь барьчихсан юм чинь бусад нь олдоно гээд дагуулаад дүүргийн цагдаа дээр авчирсан.
- Хүүг чинь бас аваачсан биз ?
- Тэгсэн. Тэнд согтолтын хэмжээг шалгаж, манай хүүгээс мэдүүлэг, өргөдөл аваад, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулаад ир гээд явуулсан байсан. Бид ч сандраад, хүүгээ дагуулаад тэр шүүх эмнэлэг, цагдаа дээр ч очсон.
- Дүгнэлт гаргуулав уу ?
- Тэгсэн. Яг ямар дүгнэлт гарсныг мэдэхгүй. Ямар ч гэсэн зөөлөн эдийн няцралт, хөнгөвтөр гэмтэл л гэж гарсан гэсэн. Маргааш нь Далайжаргал гэж эмэгтэй мөрдөн байцаагчид шилжиж, бүлэглэн хүн зодсон хэргээр шалгаж эхэллээ л гэж байсан.
- Одоо өөрчлөгдсөн гэсэн үү ?
Харин тэр чинь л хамгийн гол нь. Хэвлэлд хандаж буй шалтгаан энэ л дээ. Хүү маань цэргийн дарга нарт зодуулж хохирсон байтал гэнэтхэн эсрэгээр эргэж, баахан дарга нарыг ганцаараа зодчихсон болоод хувирчихсанд л гайхаж эргэлзээд явж байна. Тэр ч байтугай нөгөө зодсон дарга нараас хоёр гурав нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан гэж мөрдөн байцаагч нь хэлээд, хүүг маань сэжигтнээр шалгахаар болсон гэж байгаа юм даа.
- Шүүх эмнэлэг ямар дүгнэлт гаргасан байх юм ?
- Бидэнд ямар үзүүлэх биш. Хачирхалтай нь хэрэг явдал болсноос хойш арваад хоногийн дараа шүүх эмнэлгийн Эрдэм-болор гэсэн байх нэг эмчээр дүгнэлт гаргуулсан нь тун эргэлзээтэй. Зөндөө зодуулсан манай хүүгийн хөхрөлт, няцралт эдгэрчихсэн байгаа шүү дээ. Ном журмаараа гарсан ч юм уу, үгүй я юм уу бүү мэд.
- Танай хүү өмгөөлөгч авсан уу ?
- Аваагүй. Ийм сүр дуулиан болно гэж яаж санахав. Бид ингээд орхидог ч юм билүү гэж бодож байсан гээч. Одоо өмгөөлөгч авахаар шийдсэн. Танил талтай нь хуйвалдаад гэмгүй байсан хүнийг хохирооход хүрч байна шүү дээ.
- Танил талтай нь гэж та хэллээ. Тиймэрхүү зүйл гараа юу ?
- Тэгэж л харагдаж байгаа биз дээ. Тэгээд ч энэ хэргийн дараа ЦИС-аас Чулуундорж гэсэн байх нэг хурандаа 93091630 гэсэн утсаар манай хөгшин рүү яриад тохиролцьё энэ тэр гэсэн байсан. Бодвол сургуулийнхаа нэр хүндэд нөлөөлнө гэсэн үү яасан. Тэглээ гээд миний хүүг золиосолж болно гэж үү.
-Хүүг тань сэжигтнээр татлаа гэж албан ёсоор танилцуулсан юм уу ?
- Албан ёсоор л юм байлгүй. Амаар л тэгэж хэлсэн шүү. Прокурорын тийм даалгавар ирсэн гэж хэлсэн болохоос эхэндээ ямар ч бичиг цаас үзүүлээгүй.
- Далайжаргал өөрөө тэгэж хэлсэн гэсэн үг үү ?
- Уг нь тэр эмэгтэй хариуцан шалгаж байгаа юм. Тэгсэн мөртлөө өөр нэг хүнээр байцаалгахаар нь бид гайхаад мөрдөн байцаагч солигдож байгаа юм уу гэж хариуцсан даргаас нь асуусан. Тэгсэн Далайжаргал шинэ хүн болохоор туршлагатай хүнээр асуулгаж байгаа юм гэж тайлбарлаж байна лээ. Сүүлд прокурорын даалгаварыг нь үзлээ. Халиун гэж бас л саяхан томилогдсон залуухан эмэгтэй байна гэсэн. Хууль журмаараа ажиллаж байвал тэр ч өөрөө мэдэж.
- Эцсийн шийдвэр хараахан гараагүй юм аа даа ?
- Гараагүй л дээ. Гэхдээ л эд нар хүүг маань хам хэрэгтэн болгохоор айлгаж байгаад хэргийг хэрэгсэхгүй болгох л арга хийгээд байна уу гэж бодогдож байгаа. Хам ч гэж хоёр хүн харилцан зодолдсон учир адилхан буруутай л гэх гээд байгаа болов уу. Яаж шийдэхийг нь харж л байна. Дашрамд хэлэхэд ахмадаас дэд хурандаа хүртэл цолтой тэдгээр нөхдийг одоо гэрч болгочихсон байгаа юм. Эхэндээ бүлэглэн хүн зодсон гэж байсан юм шүү дээ.
- Тэдгээр офицерууд хэн хэн гэж хүмүүс байсан бол ?
- Ганболд, Ууганбаяр, Сүхбаатар, Мөнхбаяр, Цог-эрдэнэ, Батбилэг, Батхуяг, Өсөхбаяр гэсэн нэртэй цэргийн том л дарга нар гэсэн шүү.
- Цэргийн их Сургуулийн багш нар юм болов уу ?
-  Үгүй гэсэн. Тэнд мэргэжил дээшлүүлэхээр ирээд суралцаж буй сонсогчид юм гэсэн.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...