Гаитид танхайрлын эсрэг цэргийн нэмэлт хүч илгээв

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.

АНУ-ын армийн мянга гаруй албан хаагч дээр нэмж 2000 гаруй тэнгисийн явган цэргийг илгээлээ. Тэд байгалийн гамшгийн хажуугаар газар аваад байгаа хулгай, дээрэм тонуултай тэмцэж, журам сахиулах аж. Америк болон НҮБ-ын цэргүүд тусламжийн бараа ирсэн нисэх буудал руу дайрсан олон мянган хүнийг хөөн тараахад бороохой хэрэглэхэд хүрчээ. НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн хэв журам тогтоох үйл ажил­лагаанд дэмжлэг үзүүлэхийн тулд цагдаа болон энхийг сахиулах хүчнийг 3500 хүнээр нэмэгдүүлэхийг Аюулгүйн зөвлөлөөс хүснэ гэдгээ хэллээ. Ард иргэд Порт-о-Пренсээс гарч явахыг эрмэлзэж, олон хүн АНУ-ын виз олж авахыг хүсч байна. Гаитийн нийслэл дэх Америкийн Элчин сайдын яамны гадна 5000 орчим хүн виз авахаар дугаарлан зогсчээ. Тэдний хамаатан садан нь АНУ-д байдаг учир виз авна гэж найдаж байгаа аж.

Америкийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх албаны тэргүүн Жон Холмс арлын аюулгүй байдал ихээхэн санаа зовоож байгаа ч ганц нэг тохиолдлыг эс тооцвол ерөнхийдөө тайван байна хэмээн мэдэгджээ. Гаитид байгаа Америкийн цэргийн командлагч дэслэгч генерал Кен Кин ч мөн ийм бодолтой байна. Түүний үзэж байгаагаар одоо Гаитид газар хөдлөлтөөс өмнө гарч байснаас бага хүчирхийлэл гарч байгаа аж. Мөн тэрбээр гамшгийн улмаас 200 мянга хүртэл хүн нас барсан байж болзошгүй гээд “Нарийн тоо гаргахад арай эрт байна” гэжээ.

Америкийн хэвлэлүүдэд бичсэнээр АНУ-ын 2200 гаруй тэнгисийн явган цэрэг ачсан десантын “USS Bataan” хөлөг онгоц даваа гаригийн өглөө Гаитийн боомтод ирсэн байна. Хөлөг онгоцоор мөн газар ухах техник, нисдэг тэрэг, эмнэлгийн тоноглол авчиржээ.

Порт-о-Пренсийн төвд тусламж хүргэхэд улам хэцүү болж байна. Цөхөрч, хилэгнэсэн хүмүүсээс тусламжийн бараа ачсан машиныг хамгаалахын тулд цэргийн хүч хэрэглэхээс өөр аргагүй болжээ.

Америкийн тэнгисийн цэргийн хүчний нисдэг тэргүүд хүмүүс рүү агаараас бэлэн хоол, ус шидэж өгч байгаа ч энэ нь бүгдэд хүрэлцэхгүй байна.

Гаитид тусгай элчээр томилогдсон АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон даваа гаригт Порт-о-Пренсийн төв эмнэлэгт очиж нөхцөл байдалтай нь танилцлаа. Тэрбээр “Намайг наашаа ирэхээс өмнө эмнэлгүүдэд эм тариа, генератор шаардлагатай байгаа талаар ярьж байсан. Бидэнд чухам юу хэрэгтэй байгааг газар дээр нь очиж мэдэх хэрэгтэй байна. Би эмнэлэгт очиж, тэдэнд нэн шаардлагатай байгаа зүйлсийн жагсаалт гаргаж өгөхийг хүссэн” хэмээн ярьжээ.

Америкийн тэнгисийн цэргийн ахлах офицер Уолтер Мэттьюз “BBC”-д өгсөн ярилцлагадаа гаитичүүдийн уур хилэнг ойлгож байна гээд цаашид тусламж хүргэх ажиллагаа улам сайжрах болно гэдгийг онцоллоо.

Хэдийгээр албаны хүмүүс Гаитид нөхцөл байдал харьцангуй тайван гэж мэдэгдэж байгаа ч Порт-о-Пренст хүчирхийлэл, дээрэм тонуул газар авч, дээрмийн бүлгүүд хяналтаа тогтоосон хэмээн “ВВС”-гийн сурвалжлагч мэдээлжээ.

Хотод хамгийн их хэрэгцээтэй бараа нь шүдний оо болж хувирсан байна. Хүмүүс хотыг бүрхсэн цогцосны үнэрийг дарахын тулд хамрынхаа дор оо түрхэх болжээ.

Нийслэлийн нисэх буудал ихээхэн хэмжээгээр эвдэрч сүйрсэн бөгөөд зарим зам нь шороо чулуу, үхсэн хүний цогцсоор хучигдсан учир шатахуун түлш, бусад тоног төхөөрөмж хүргэхэд хүндрэл учруулж байна.

Хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг хэд хэдэн байгууллага Америкийн цэргүүд хянаж байгаа нисэх буудлаар дамжуулан ачаагаа хүргэж чадахгүй байгаа талаар гомдол мэдүүлж байсан. Харин одоо энэ асуудлыг шийдэж, ямар нэгэн саад бэрхшээл учрахгүй болсон гэж АНУ-ын тусламжийн байгууллагын тэргүүн мэдэгджээ.

Одоо нуранги дороос амьд хүн гаргаж авах найдвар улам л багасч байгаа ч 1700 хүн бүхий 43 тусгай бүлэг эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр байна. Аврах ажиллагаа эхэлснээс хойш нуранги дороос 70 гаруй хүнийг амьдаар нь гаргаж авчээ. Амь үрэгдсэн хүмүүсээс 70 мянга гаруйг нь оршуулсан байна.

Гаитийн ерөнхийлөгч донор орнуудад улсынхаа удаан хугацааны хэрэгцээнд анхаарал хандуулахыг уриалжээ. Тэрбээр хөрш Доминиканы бүгд найрамдах улсад болсон донор орнуудын бага хурал дээр үг хэлэхдээ “Бид газар хөдлөлтөөс учирсан шархыг зүгээр л эмчлээд зогсч болохгүй. Улсынхаа эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлж, ардчиллын институтийг бэхжүүлэх ёстой” гэжээ.

Порт-о-Пренсээс гадагш Леоган, Грессьер, Петит-Гоав болон эргийн Жакмель хотуудад хүмүүнлэгийн тусламж хүрч эхэллээ.
Нийгмийн толь

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...