Дорнодод хүйтний эрч 50 хэмд хүрчээ

Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.


Дорнод аймгийн хэмжээид 14 сумын 63 багт 4400 гаруй малчин өрхөд 1,4 сая толгой мал өвөлжиж байна.

Хиймэл дагуулын мэдээгээр аймгийн нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй, Чулуунхороот сум Эрээн цав Улз, Халхголын сав хөндийгөөр олон жилийн дунджаас илүү хүйтэн байгааг цаг уурчид хэлж байна. Зарим газраар шөнөдөө хөрсөн дээр 50 хэм хүйтэн хонож байгааг мэдээлсэн. Цаг агаарын эрс тэс хүйтрэлийн улмаас малчдын амьдрал ахуйд ноцтой бэрхшээл учирч байна.

Халх гол сумын Ялалт багийн нутаг, Баяндун, Гурванзагал, Булган, Хөлөнбуйр суманд цасны зузаан 20 см-ээс дээш, өвөлжилт хүндэрч зарим газраа өвс тэжээлийн нөөц хомсдсон. Нийт нутгаар бэлчээр талхлагдсаны улмаас халцгай газар цас шуурч хатуурчээ. Их хүйтэнд мал бэлчээртээ олигтой идээшилж чадахгүй, осгож бээрэх улмаар хот хороондоо ирж чадахгүй үхэж хорогдох явдал байна. Ялангуяа бага насны төлөг, борлон, бяруу голлон үхэж байгаа хэмээн малчид харамсан ярьж байлаа. Зөвхөн Цагаан-Овоо суманд гэхэд л 40-өөд малчин өрхийн 900 гаруй толгой мал хорогдсон. Бусад газарт ч малын хорогдол ихээр гарсаар байна.

Аймгийн нөөцийн газраас өвөлжилт хүндэрсэн Өмнөговь, Дундговь аймгуудад 300 тн өвс ачуулсан. Аймгийн тэжээлийн нөөцөд 100 гаруй тонн өвстэй, нэлээд суманд тэжээлийн нөөц бий. Гэхдээ цаг агаар хүндэрвэл ялангуяа аймгийн төвийн эргэн тойрон, дээрх сумдад тэжээл, бэлчээрийн хомсдолд орж болзошгүй гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн газрын дарга Энхтүвшин ярьлаа. Энд нэг боодол өвс 1500 төгрөг байснаа 2500 болж, цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа.

Цаг уурчид хүйтний эрч цаашид үргэлжилэнэ гэж ярьж байгаа тул малыг алсын бэлчээрт гаргахгүй нөмөр дулаан газар байлгах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малдаа явахдаа дулаан хувцас түлээ түлшээ сайтар базааж байхыг малчид, мал бүхий иргэдэд зөвлөж байна. Мөн малын хороо саравчны мухарт хоргосон жаврыг гал утаа май тавьж арилган малаа хотлуулах, өглөө малыг жавар буурч нар гарсан хойно ойр бэлчээх, малын хэвтэр бууцыг манах, хөлдөхөөс сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...