10 баллын газар хөдлөлтөд тэсэх ганц ч байшин нийслэлд байхгүй

Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.


Өнгөрсөн бямба гаригт болсон газар хөдлөлт олныг айдаст автуулсан. 200 гаруй километрын цаана хөдөлсөн газар хөдлөлтийн нөлөө Улаанбаатар хотод мэдрэгдсэн нь энэ асуудал төр засгийн хэмжээнд хүрч яригдах цаг болсныг харуулсан юм. Тиймээс өчигдөр Монгол улсын Шадар сайд М.Энхболд, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг болон албаны хүмүүс Одон орон, геофизикийн судалгааны төв дээр очиж, хамтран ажиллах талаар ярилцлаа. Уулзалтын эхэнд тус төвийн захирал Ү.Сүхбаатар үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулсан. Одон орон, геофизикийн судалгааны төв нь Монгол улсын 1900-2000 он буюу 100 жилийн газар хөдлөлтийн зургийг гаргасан аж. Мөн 1994 оноос техник хэрэгслээ шинэчлэн, 20 минутын дотор газар хөдлөлтийн бүх мэдээллийг гаргах боломжтой болжээ. Манай орны баруун хэсэг, Улаанбаатар хотод газар хөдлөлт улам идэвхжиж байгаа нь судлаачдын анхаарлыг татаж байгаа юм. 1994 оноос Улаанбаатар хотод газар хөдлөлт идэвхжиж, өндөр аюултай бүсэд зүй ёсоор тооцогдох болжээ.

2005 оноос Нисэх, Эмээлт, Сонгино, Өлзийт хороололд газар хөдлөлт идэвхжиж байгаа нь тогтоогдсон байна. 2008 онд Улаанбаатар хот орчимд 508 удаагийн газар хөдлөлт болжээ. Энэ бүхэн нь нийслэлээс 200 километрын зайтай болсон нь Улаанбаатарчуудын хувьд аз таарсан гэж болно. Хэрэв Улаанбаатараас 100 километрын зайтай газар хөдлөлт болбол аюулын хэмжээнд хүрнэ гэдгийг мэргэжлийн хүмүүс сануулж байна. Мөн 10 баллын газар хөдлөлт болох магадлал өндөр байгаа бөгөөд энэ хэмжээнд тэсч үлдэх ганц ч байшин нийслэлд байхгүй гэдгийг хэлсэн юм. Энэ үеэр албаны хүмүүс судалгааны төвийн удирдлагуудаас зарим зүйлийг тодруулсан. Тухайлбал, газар хөдлөлтийг судлах техник хэрэгсэл хэр хангалттай байгаа талаар тодруулахад сүүлийн үеийн өндөр мэдрэмжтэй, олон улсын шаардлага техник хэрэгслийг ашиглаж байгаагаа дуулгасан юм. Хэдий техник хэрэгсэл шаардлага хангаж байгаа ч багаж хэрэгсэл байршуулсан тоо хангалтгүй байгааг тус төвийнхөн хэлж байв. Энэ үеэр яригдсан нэг чухал асуудал бол газар хөдлөлтийн урьдчилан мэдэх боломж байлаа. Япон улс газар хөдлөлтийг хоёр цагийн өмнө мэддэг гэнэ. Манайх 1-2 минутын өмнө мэдэх техник хэрэгсэл, мэргэжилтэн байгаа аж. Хамгийн чухал нь идэвхтэй бүсдээ өндөр мэдрэмжтэй автомат системийг байрлуулах хэрэгтэй гэдгииг тус төвийн секторын эрхлэгч М.Өлзийбат онцолж байлаа. Дэвшүүлэн тавьсан бас нэг асуудал бол газар хөдлөлтийн аюулын үнэлгээ байсан юм. Манай улсын хувьд 1960-аад онд хийгдсэн үнэлгээгээр одоо хүртэл ажиллаж байгаа бөгөөд шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа аж.

Мөн тус төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Дэмбэрэл “газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүдэд нүүдлийн станц байрлуулж, мэргэжлийн баг явуулах шаардлагатай байна. Харин энэ бүхэнд хөрөнгө мөнгө дутагдалтай байгаа гэдгийг хэлээд өнгөрсөн жилүүдээс илүү онцгой байдал бидний өмнө байгаа гэдгийг тэмдэглэж байв.

Уулзалтын төгсгөлд Монгол улсын Шадар сайд Тазар хөдлөлтийг урьдчилан мэдэх, гамшиг тохиолдохоос сэргиилэхийн тулд төр засгаас ямар арга хэмжээ авах талаар ярилцах болно” гэж тус төвд ирсэн зорилгоо тодорхойлсон юм. Тэрээр гурван асуудлыг онцолж, төр засгийн хэмжээнд анхааран ажиллахаа хэлсэн. Нэгдүгээрт: Газар хөдлөлтийн үед иргэд мэдээлэлтэй байж, биеэ хэрхэн хамгаалах талаар мэдлэг мэдээлэл өгөх. Хоёрдугаарт: 1-2 минутын өмнө газар хөдлөлтийг найдвартай мэдэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ? Мэдэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд хэрхэн хамтран ажиллах. Гуравдугаарт: Улаанбаатар болон олон хүнтэй бусад суурин газруудад газар хөдлөлтийн үед ямар бэлтгэл хангуулах вэ? гэсэн асуудлуудын хүрээнд мэргэжлийн байгууллагатай бүхий л талаараа хамтран ажиллаж, иргэдээ аврах гарцыг эрэлхийлэхээ мэдэгдсэн юм. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүс гэж сануулах төдий өнгөрдөг байсан цагийг ардаа орхиж, байнгын бэлэн байдалд шилжихийг байгаль дэлхий анхааруулж байна.
Бидний ажил, амьдралаа залгуулж, хотын чимэг болж буй гэж магтах болсон өндөр барилгууд нэг л өдөр бидний амийг авч одох “дайсан” болохыг ч үгүйсгэх аргагүй. Тиймээс нийслэлийн бүх барилгуудад үнэлгээ хийж, аль нь хэдэн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, тэсвэргүйг гаргаж, иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх нь чухал юм.
Эх сурвалж: Улаанбаатар таймс

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...