2009 оны онцлох таван үйл явдал

"Зууны мэдээ" сонин аль нэг хэргэм зэрэгтэн, эвэртэн туурайтанд шилдэг, шилдгээс бүр шилдэг хэмээх дөрвөлжин өргөмжлөл, бөөрөнхий цом өгч, хариуд нь төлбөр ялбар нэхдэггүй. Бодит үйл явдлыг уншигчидтайгаа хамт үнэлэн дүгнэж, онцлон нэрлэдэг билээ. Сайнтай ч, муутай ч, гэрэл гэгээтэй, бас сүүдэр гунигтай 2009 оны үйл явдлыг "Иргэдээ өмөөрч бичдэг" сонин эрхэм уншигчидтайгаа хамт хэрхэн онцолж, нэрлэн сонгосныг толилуулж байна. Ирж буй шинэ он муу нь бага, сайн нь их нулимс нь татруу, инээд нь ахиу, ээлтэй зөөлөн жил байх болтугай.

2009 Оны луйвар: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ
Оны луйвраар олон толгойг хэрэлдүүлж, олон бүгдээр хохирогч нь болсон Оюутолгойн ХОГ \Хөрөнгө оруулалтын гэрээ\ онцгойлон "шалгарав". Өвөг дээдсийн минь өв, Эх орны маань эрдэнэсийг олборлох эрхийг өвөртөлсөн "Айвенхоу майнз" компанийн хувьцааны 34 хувь л Монголчуудад үлдэж байна.

Техник, эдийн засгийн үндэслэл буюу ямар хэмжээний зэс, алтыг хэдий хэрийн зардлаар хэрхэн яаж олборлох нь тодорхойгүй байхад, нэг ёсондоо авдранд юу байгааг нарийн ширийн мэдэхгүйгээр гэрээ байгуулж, түүгээрээ баахан шоу хийсэн билээ. Анх оруулсан хөрөнгөө нэмж үржүүлж бичсэнийг иргэний хөдөлгөөн, эрдэмтэн мэргэд илчлэн тэмцсээр байгаад хоёр тэрбум шахуу доллар хасуулж байлаа. Хуулинд гэрээг нийцүүлэх ёстой байтал гэрээндээ зохицуулж хуулиа өөрчилсөн, ашиглалтын лиценз хэмээх үйл ажиллагааны зөвшөөрлийг өмчлөгч нь мэтээр барьцаалан мөнгө босгосон, Ашигт малтмалын тухай хууль утга агуулга, зарчмын засвартайг Цэц тогтоосон байхад түүнд үндэслэсэн гэх мэт гэрээ тойрсон тэмцэл зөрчил он дамнан үргэлжлэх нь тодорхой байгаа. Гэрээний урьдчилгаа төлбөр нэрээр 100 сая доллар төрийн дансанд байршсан боловч тэр нь хүүтэй зээл учраас орлого ашиг биш өр шир бөгөөд төсөвт ч үрлэг зарлагын хүснэгтэд бичигдсэн юм. Их баялгаа эзэмших ашиглах эрхийг өгөхдөө өртэй, зарлагатай үлдсэн энэ гэрээнд үндсэндээ нэг л ач холбогдол бий. Тэр нь гадаадын хөрөнгө оруулагчдыг даллан дуудсан, урин залсан явдал юм.

Оны луйврын төлөө "Анод", "Зоос" банкны шил дараалсан дампуурал, УИХ-ын гишүүдийн халаасыг түнтийлгэж, ирэх сонгуулийн урьдчилгаа зардал болсон 76 тэрбум төгрөг "өрсөлдөв". "Анод"-ын захирлуудыг хэмжээнээсээ илүү тооны хувьцаа гаргасан, өөрсдийнхөө танил талд, арын хаалгаар зээл олгосноос дампуурсан гэж зарлаж байгаа ч хянан шалгаж байх үүрэгтэй төрийн байгууллагын нүдний таглаа, чихний бөглөө шууд нөлөөлсөн билээ. "Зоос" банкыг төр мэдэлдээ авсан нь Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр хамгийн сүүлчийн хувилбар болсон. "Монгол шуудан", "Хадгаламж" банк "Зоос"-ыг нэгтгэсэн бол татвар төлөгчдийн хөрөнгийг нэгмөсөн дампуурсан банкыг сэргээхэд зарцуулахгүй байсан юм. Өрсөлдөгчдийнх нь айдас болгоомжлол, улс төрийн лобби хүчтэй байснаар "Зоос" төрийн мэдэлд шилжлээ. Банкин дахь хадгаламжийг төр даатгасан хууль гарсан биш зээлийн хүү ч буураагүй, актив мөнгө ч өсөөгүй, харин ч татвар төлөгчдийн хөрөнгөөр хохирлоо төлүүлэх санаатай дампуурлын захиалга болсон юм.

2009 оны хуйвалдаан: Ерөнхийлөгчийн сонгууль
Ардын уран зохиолч Тангадын Галсан "МАХН өөрийнхөө биш өрөөлийн бөхийг засчихлаа" хэмээн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн булхай луйвар, үгсэл хуйвалдааныг онож хэлсэн юм. Уулын мухар, усны цаадах хаваржаа бүхэнд хүрч чаддаг МАХН-ын араа шүд, эрэг шурга зэвэрсэн цаг, тосгүй мотор мэт гацаа ихтэй байлаа. Улаанбаатар хотын сонгогчдод зориулсан ухуулга сурталчилгааны 10 ширхэг материал бэлтгэсэн боловч энэ бүгдийг бүрэн бүтнээр нь хүлээж авсан өрх айл нэг ширхэг ч олдохгүй. Нэр дэвшигчийн тусгай сонин бэлтгэсэн 52 хүний бүрэлдэхүүнтэй хэвлэлийн редакцаас хийсэн зүйлээ гэртээ хүлээж авсан хүн өрдөө хоёрхон гарч байх жишээтэй. Сонгуулийн эхэнд үгэндээ орооцолдон будилж, цочтол чанга инээн сандарч, үнэгүй хошин шог үзүүлж байсан Ц.Элбэгдорж төгсгөлд нь гэнэт тайвширч ирсэн нь ч хөзрийн ширээний ар дахь шивнээ ярианы ач тус байсан гэж хардах нь бий. Үнс нурам, үхэл хагацал дагуулсан 7 дугаар сарын 1-ний хариуцлагаас мултрах, бодит үнэнийг бүдгэрүүлэх далд зорилгын илрэл нь ч энэ хуйвалдаан байж болох юм. Телевизийн нэг нэвтрүүлэг, нийтэд ил ганц хоёр салангид зүйлээс биш олон талын учир шалтгаан, задлан шинжилгээ, нэгдсэн дүгнэлтээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалт, ялагдлыг үнэлэн хэлэлцэх учиртай боловч МАХН-ын удирдлага өдий хүртэл энэ талаар алхам хийх дургүй байна. Нэр дэвшигч нь санал дутсанаараа нэгэнт хариуцлагаа хүлээчихсэн бол түүний талыг хуваалцах учиртай МАХН-ын даргын түшлэгтэй сандлын эзэн хэвээрээ үлдсэн.

Тавин хувийн санал дэмжлэгтэй гараагаа эхэлсэн нэр дэвшигчээ Ерөнхийлөгчийн сонгуульд унагасан МАХН хүсвэл ажиллаж болдог, бүр хоёрхон хувьтай, иргэд бүү хэл гишүүд нь ч сайн танихгүй залууг УИХ-ын гишүүн болгож чаддагаа Чингэлтэй дүүрэгт нотлон харуулсан. УИХ-ын гишүүн З.Алтай чуулганы танхимд нотлон хэлж, сэтгүүлчид видео баримтаар мөнгө тараасныг баталсан. Бэлэн мөнгө, адууны мах, шуудай нүүрс, хүнсний ногоо хүртэл тарааж байгаад МАХН товчлуурынхаа тоог нэгээр нэмсэн. Бүх ард түмнээс сонгогддог төрийн тэргүүний суудлыг санаатай санаагүй алдаж, оронд нь УИХ дахь хүчний харьцаанд зарчмын өөрчлөлт оруулахгүй нэг товчлуур олж авснаараа МАХН тэмээ алдаж, ямаа хожсон, бэрсээ идүүлж, хүү цохисон улс төрийн хожигдол хүлээсэн билээ.

Оны хуйвалдааны "хүрэл медаль"-ийг хамтарсан Засгийн газар оршин тогтнож, үргэлжлүүлэн үгссэн урт удаан үйл явц эзэлж байна. Долдугаар сарын 1-нд нэг нь луйвардуулан ялагдчихлаа, нөгөө нь бид ялсан гэж ард түмнийг талцуулан, таван халуун амины тоогоор таван алтан сандал өгч авалцсан хамтын Засгийн газрыг байгуулсан билээ. Ард түмний харах нарыг алгаараа хаа-лаа, хамтарч бүтээдэг биш хамтарч айдаг Засгийн газар гэж хэлж байсан Ц.Элбэгдорж хүртэл 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн энэ тухайд үг унагахаа болиод удаж байна. Олонхи нь засгийн эрхийг авч, цөөнх нь хянадаг нь парламентат ёсны хамтын ажиллагааны хэм хэмжээ боловч энэ стандарт бус хамслын хөнжилд олдсон ургийн гажигтай үр хөврөл олон бий. Ажилгүйдэл, ядуурал, авлига, хүнд суртал улам нэмэгдэж, ард түмний амьдрал тэр хэрээр дордсоор байгаа нь стандарт бус улс төрийн эвцэлдүүлгийн үр дагавар билээ.

2009 оны гамшиг: Гахайн ханиад
А буюу ард түмний хүрээний Н1 вирүсийн эсрэг Монголын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны олон тооны хурал, байгаа оноогүй тэмцэл дэлхий нийтийн өмнө ч онигоо болов. CNN телевизээр сүүний сироп буюу аарц тарааж ханиадаас сэргийлэхийг хэн ч батлаагүй аргын тухай шоглон мэдээлсэн юм. Урьдчилан сэргийлэх тарилга, өвдсөн бол анагаах эм гэсэн үндсэн хоёр зүйл нь байхгүй, эхний өчүүхэн хэсэг нь удаж төдсөөр байгаад өвлийн өвгөн, цасан охиноос ч хоцорлоо. Аарц, чацаргана худалдаж авч тараах төрийн бизнес цэцэглэж, өвчин зовлонг далимдуулж байхад ард түмний задгай мөнгөний арилжаа үйлчилгээ бүрэн хаагдаж давхар давхар томуу ханиад болов.

Социалист эдийн засгийн эрхэм зүтгэлтэн, өнөөгийн ардчилагч. анагаах ухааны талаар асрагчийн түвшний мэдлэггүй, Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн инээдэм ба гахайн ханиадын шооконд Монгол Улс орсон билээ.

Оны гамшигт Говь-Алтай аймгийн Цээл сум, Улаанбаатар хотод болсон үер усны аюул "аман хүзүүдэв". Үерийн далан суваг таглаад буучихдаг хэнэггүй зан, хотын хөгжлийн хоцрогдол их усаар ил болсон билээ.

Жил бүрийн гамшиг бол хотын агаар биш угаар. Унга-сан хойно нь чүдэнз зурах мэт утаатай хийсэн дайн цаг, цаас, мөнгө гарзадсан боловч Улаанбаатарынхны уушги улам хордсон, хорт хийнээс хамгаалах баг зүүж амьдрахдаа хүрээд байна. Гэрийн бүрээсний тээндэрт хятад хиймэл эд шахаж, есөн шидийн түлшний төсөл боловсорч байгаа боловч хэрэгжээгүй төсөл, хүрээгүй зорилгынхоо бурууг амьдрал хайж хот бараадсан хөдөөгийн иргэд, юу олдсоноо түлж суугаа гэр хорооллын зутруухан өрхүүд рүү бухаж чихчихээд бултдаг нь ширэн цүнхтэй, ширэн нүүртэй түшмэдийн гэм биш зан билээ. Бодсоныхоо дараа хэлэх биш, хэлснийхээ дараа боддог улс төрийн жүжгийг батлах баримт нь амлалтыг судлах ажлын хэсэг байгуулсан явдал юм. "Би юу амласан бэ?" гэдэг асуултын хариулт биелэх боломжийн хувьд ихээхэн хүндрэлтэй. Сурлага, сургалтын чанарт нөлөөлөхгүй атлаа улсын төсвөөс жилдээ зуугаас дээш тэрбум төгрөг гарах тооцоо байна. Учир нь энэ жил гэхэд 160 шахам мянган оюутан суралцаж байгаа юм. Ам, ажлын зөрүүнд энэ жил төгсөх оюутнууд хэлмэгдэж, хоосон горьдлого тээсээр ажил, амьдралын дараагийнхаа замд хөл тавина. Ажилгүйдэл их байгаагийн нэг шалтгаан нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтгүй, хэрэгцээ шаардлагагүй мэргэжлээр, чанар чансаагүй сургуульд олон мянган оюутан суралцаж, дөрвөн жилийн дараа оймсны худалдагч хийдэг нь өнөөгийн боловсролын тогтолцооны нэг гажиг бөгөөд энэ амлалт чухамдаа үүнийг тэтгэж байгаа юм.

Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуулинд заасан боловч түүнээсээ хувь эзэмших, өмчлөх боломж мөн л сонгуулийн шоу, он дамжсан горьдлого хэвээр байна. Эх орныхоо эрдэнэс баялгийн эзэн нь байх, түмэн нь олон нь биш гэхэд түүнээс эхтэй төр засаг нь дийлэнхийг эзэмших тухай хүсэл зориг ч хоосон ам хэвээр үлдэж, оны горьдлогын тоонд нэрлэгдэж байна.

2009 оны ялалт: Боксын анхны дэлхийн аварга
Монголчууд тоогоор олон биш ч хөх тэнгэрийн тамгаар дархлуулсан Чингис хааны үр сад. Бээжингийн олимпийг байлдан дагуулсан монгол тамирчны ялалтын буухиа 2009 онд үргэлжилж, олимпийн төрлөөс дэлхийн хоёр аварга, мөнгө, хүрэл медалийн эзэд олноор тодров. Нэг хүнд ноогдох медалийн тоо, нэг тамирчинд оногдох амжилт, улс орных нь эдийн засгийн хүчин чадалтай харьцуулан үзвэл монголчууд тэргүүлж байгаа билээ.

Мэргэн оюун, махир сэлэм, атигар морьтойгоо ертөнцийн талыг эзэгнэж явсан монголчууд барилдаж ноцолдох, нударга зөрүүлэх, буудах харвах үндэсний уламжлалаа алдаагүйг нотолж, бокс, жүдо, буудлагаар дэлхийн тавцанд оройлж байна.

Олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба боксын төрөлд анхны дэлхийн аварга болж, амжилтаа батлан, эмээдээ үнсүүлдэг жаал хүү Н.Төгсцогт "ах нар"-ыг нүдсээр мөнгөн медальд хүрч, У.Мөнх-Эрдэнэ асгаруулсан хөлс, хураасан туршлагаараа шагналын тавцанд зогсож чадлаа. Д.Банди багшийн шавь нар, алт, мөнгө, хүрлээр нэгэн зэрэг гоёж Монгол эрийн нударганы чангыг дэлхийд мэдрүүлж, Монголчууд бахархан омогшив.

Олимпийн хүрэл медальт жүдоч Х.Цагаанбаатар Бээжингээс хойш даагаа нэхэж, дэлхийд хамгийн олон хүн хичээллэдэг кимоно өмсгөлтний барилдаанаас мөн л анхны алтан медалийн эзэн болов. Хөдөлмөрийн баатар анхны гэр бүл Монгол Улсын иргэний бүртгэлд тод томруунаар бичигдлээ.

ДБЭТ-ын дуучин С.Мөнгөнцэцэг хүн төрөлхтөний өв соёлын гайхамшиг болсон сонгодог урлагийн олон улсын уралдаанд тэргүүлж монгол эмэгтэйн авъяас чадвараараа түмэн хэлтний сонорыг мялаалаа. Тусгаар тогтнож, түүнийхээ өр төлбөрийг ч амь насаараа хариулж явсан 20 дугаар зуунд Монгол иргэншиж соёлжиж, хүн төрөлхтөний өв соёлд суралцаж чадсаны нэг жишээ нь сонгодог урлагийн хөгжил билээ. Б.Сэргэлэн даргатай ДБЭТ үзэгчээр дүүрэн, амжилтаар арвин 2009 оныг үдлээ.

2009 оны горьдлого: Эх орны хишиг
Улстөрийн хоосон амлалтын сонгомол жишээ, горьдлого худалдах сонгуулийн шоу "Эх орны хишиг, Эрдэнийн хувь"-ийг улиг болтол нь ярьж байгаа ч бодитоор ард түмний алган дээр тавьж, аяганы амсар зуулгасан юм алга.

Хүүхэд бүрт өгдөг 136 мянган төгрөгийг хасчихаад эцэгт эхэд нь хишиг, хувь хэмээн 120 мянган төгрөг өгч гийгүүлэхээр амлах нь ард түмнээр тохуурхсан улс төрийн олиггүй ов мэх болов.

УИХ-ын гишүүд тус бүртээ тэрбум төгрөг батлах мөртлөө ард түмэнд өгөх 120 мянгыг дөрөв хувааж "Богдын боорцог" шидэхээр шийдсэнээ сүржин гэгч нь зарлаж байгаа билээ.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...