"ЭНЭ ЦАГИЙН ЭГЭЛ БААТАР-2009" тодорлоо




“Таны төлөө" уриатай "ТВ-9" телевиз, "Иргэдээ өмөөрч бичнэ" уриатай "Зууны мэдээ" сонин хамтран зохион байгуулж байгаа "Энэ цагийн эгэл баатрууд" тодорлоо.

Иргэдийн төлөөлөл, ТББ,олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусгай зөвлөл өчигдөр хэлэлцэж хамгийн их санал авсан 10 иргэнийг тодруулсан юм. Харин өнөөдөр эцсийн шатны шалгаруулалт буюу "ЭНЭ ЦАГИЙН ЭГЭЛ БААТАР" болсон таван хүнд шагнал гардуулах ёслол болно. "Чингис" зочид буудлын "Тэмүүжин" ресторанд болох ёслолын арга хэмжээг "ТВ-9" телевизээр шууд дамжуулан үзүүлэх юм. Эгэл жирийн иргэдийн дундаас төрж буй "Энэ цагийн эгэл баатрууд "-ыг тодруулахдаа төрийн алба ажил эрхэлдэггүй, бусдад тус хүргэснийхээ төлөө хариу нэхдэггүй байх гол шалгуур тавьсан юм.

"ТВ-9" телевизийн захирал Ц.Энхбат: Эгэл баатар цөөхөн байх тусмаа чанартай
-"Энэ цагийн эгэл баатар"-т 100 гаруй хүн нэр дэвшиж оролцсон. Энэ удаад таван төрөлд шалгарууллаа. Нэгдүгээрт, олон нийтийн эрх ашгийг хамгаалсан, нийгмийн өмгөөллийн ажил хийсэн. Хоёрт, орон нутгийн хөгжил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, нутгийнхнаа зохион байгуулж ажилласан. Гуравт, бидний хүрээлэн буй орчин, байгаль орчноо хайрлах асуудлыг хөндөж, бодитой ажил хийсэн. Дөрөвт, Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө сайн үйлс бүтээсэн. Эцэст нь нийгмийн ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэж, дорвитой ажил санаачилсан, сайн үйлс хийсэн гэсэн таван төрлөөр эгэл баатруудыг тодрууллаа.

Гадаа хүйтэн, хүмүүсийн нүд гунигтай, итгэл алдарсан байдалтай болсон энэ үед нүдний цогийг нь бадрааж, сэтгэлийн галыг асаах эгэл хүмүүс олон юм байна гэдгийг харлаа. Эгэл баатар цөөхөн байх тусмаа үнэтэй гэж бодсон учраас тавыг л шалгарууллаа.

"Зууны мэдээ" сонины эрхлэгч Д.Болдхуяг: Энгийн иргэд улстөрчдөөс үг яриагаар бус үйлдлээрээ ялгардаг
-Төлбөр, мөнгөтэй, захиалгатай шилдэг улстөрчдийг шалгаруулдаг арга хэмжээ үнэхээр үнэмшилгүй, улиг боллоо. Өөрөө мөнгөө төлөөд шагналаа авдаг нийтлэг жишиг авч байгаа хүмүүст хий дэмий гарлага үрлэг болж байгаа. Улс төрчдийн үнэлгээ бол телевизээр гарах, төлбөртэй ярилцлага өгөх. Харин энгийн иргэдийн байгуулсан гавьяа бол үйлдлээрээ ялгарч байдаг. Үүгээрээ "Энэ цагийн эгэл баатар" шалгаруулалтын үнэ цэнэ оршиж байгаа юм.

Өнгөрсөн жил би Говь-Алтай аймагт явж байхдаа "Шилдэг улс төрч шалгаруулна" гэсэн зарыг сумын цайны газарт наасан байхыг хараан юм. Сум болгон шилдэг улстөрчтэй, дээр нь төрийн ордонд үүнээс олон улс төрч байсан бол ард түмэнд өнөөдөр ямар ч ажилгүйдэл, ядуурал, асуудал гарахгүй байсан биз. Дүүрэг, хот, төрийн яам, агентлаг хаана ч иргэдийг чирэгдүүлдэг, улыг нь эргэтэл явуулдаг, хээл хахуулийн үндсэн тэжээгч нь болсон хүнд суртал иргэн миний амьдралд хүнд тусч байна гэдгийг тэд хэлдэг. Иргэдийн дийлэнх нь шударга бус, хууль бус зүйлтэй алхам тутамдаа таарч байдаг. Тиймээс "Иргэдээ өмөөрч бичнэ" уриатай "Зууны мэдээ" сонин, "Таны төлөө" уриатай ТВ-9 телевиз иргэний сэтгүүлзүйг хөгжүүлэх, иргэдийнхээ дуу хоолойг хүргэхийг зорин ажиллаж байна.

"ЭНЭ ЦАГИЙН ЭГЭЛ БААТАР-2009"-т нэр дэвшсэн, саналаа өгсөн, бусдын төлөө сайхан сэтгэлээ зориулсан, түүнийхээ төлөө ямар нэг хариу төлбөр нэхээгүй мянга мянган эгэл сайхан баатрууддаа зохион байгуулагчийн зүгээс баярлалаа гэж хэлмээр байна.





Нэр
1.
С.Авирмэд

2.
Б.Ганхуяг

3.
Н.Эрдэнэ

4.
Д.Эрдэнэбат

5.
П.Төмөрбаатар

"ЭНЭ ЦАГИЙН ЭГЭЛ БААТАР-2009"


ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
КОД

1.


Содномгомбын Авирмэд

МУИС-ын геологийн тэнхимд багшилдаг. Тэрээр оюутолгойн гэрээний алдаатай хувилбарыг шүүмжилж хэнээс ч гарахгүй иргэний зориг гаргаж тэмцсэний үр дүнд манай улс 2 тэрбум долларыг хэмнэх нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн юм. тэрээр энэ их ажлыг хийсэн ч гэлээ хариу нэхэж улс төржөөгүй, зөөлөн суудалд сууж дарга болохыг хүсээгүй зөвхөн энэ бүхнийг ард түмэн таны төлөө хийсэн юм. Эгэл даруу багш хүний мэдлэг ухаан, эх оронд хэрэгтэй болохыг энэ хэрэг нотлон харуулсан юм.
1

2.


Эгэл жирийн сэлэнгэ аймгийн түнхэл сумын эмэгтэй БатОчирын Ганхуяг Тэрээр хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн эрчимжиж байгаа энэ цагт нутгийнхаа хөгжлийн төлөө хэнээс ч мөнгө авалгүй, хариу нэхэлгүй тэмцэж бусдыг уриалан дуудаж байгаа иргэн. Ганхуяг нь 33 төрлийн 30 мянган мод тарьж, мөн ойн санг хамгаалах нутгийн иргэдийн нөхөрлөлийг байгуулж чадсан. Мөн хүний мөрөөдөл болж, төрийн түшээдийн цаасан дээр гаргадаг ч цасан дээр мөр нь гардаггүй ажлыг энэ эмэгтэй хийчихсэн нь хамгийн гайхалтай. Зайсангийн гүүр засагдахгүй өдий хүрлээ гэж хэн бүхэн ярьдаг ч дарга цэрэг хэн ч хэлээд энэ гүүрийг засварлах нь битгий хэл энэ гүүр мартагдаж түүх болоход хүрээд байгаа. Тэгвэл Ганхуяг Сэлэнгэ аймгийн түнхэл сумандаа иргэн бүрийн оролцоо хүчийг нэгтгэн гүүр барьчихжээ. Энэ их үйлс биш гэж үү. Эмэгтэй хүнээс гарамгүй ухаан гаргаж, хөдөлмөрийг үнэлэсэн энэ эмэгтэйг тодрууллаа.
2

3.


Нингэрийн Эрдэнэ Tэрээр "Туул Ривэр Кантри сайд" гэх солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани монголын газар нутагт, монгол хүний уух ундны усны эх үүсвэр болсон Туул голын голдиролд Гольфийн талбай байгуулах зөвшөөрлөө авч, хүний газар гэсэн шиг хөрс шороог ухаж онгичиж, хайрлах сэтгэлгүй хандаж байсан тэр үед үүний эсрэг тэмцэж, төрийн хийх ажлыг түмний төлөө хийсэн Эрдэнийн ачаар тус компаний хууль бус үйлдлийг зогсоож, улаанбаатарчууд бид ундны усны эх үүсвэрээ хамгаалж үлдэж чадсан. Эрдэнэ шиг эх орноо гэсэн хүн байгаагүй бол туул голын голдирол 107 төрлийн химийн хорт бодисоор хордож, бид уух усгүй, удамшлын өвчтэй хөөрхийлөлтэй байдалд хүрэх байсан. хүний төлөө, байгаль эхийн төлөө, хүүхдийн инээмсэглэлийн төлөө их зүйлийг хийж, ундны усны нөөцөө хамгаалсан таны үйлсийг монголчууд үнэлэн шилдэг аравт шалгарууллаа.
3

4.


Данзангийн эрдэнэбат

Зураач мэргэжилтэй Эрдэнэбат багш 2003 оноос эхлэн эхлэн хогийн цэг дээр амьдардаг болон өнчин өрөөсөн гэр оронгүй хүүхдүүдэд зураг урлалын хичээл зааж өгч байна. Өдөр ирэх тусам ард иргэдийн амьдрал доройтож, хамгийн гол нь ядуурлын үрээр монголын үр сад гудамжинд гарч байгаа нь түүний сэтгэлийг эмзэглүүлдэг байжээ. иймээс хогийн цэг дээр амьдарч байгаа болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгслийг нь тарааж өгөөд хичээл зааж эхэлсэн байна. Энэ жилийн хувьд 329 хүүхдэд ноос ноолууран эдлэл болон зураг урлалын хичээл зааж байгаа юм. Эрдэнэбат багш 2003 оноос хойш нийтдээ 2000 орчим хүүхдэд хичээл заасан байна. Хүүхдүүдийнхээ бүтээлийн үзэсгэлэнг жил бүр гаргадаг. Тэрчлэн хамгийн том амжилт бол энэ оны 11-р сард БНСУ-н Инчон хотод болсон ОУ-н урлагийн наадамд түүний шавь нартайгаа хамтарч хийсэн бүтээл алтан медал хүртсэн байна. Энэ нь монгол хүүхдүүд дэндүү авъястай гэдгийг харуулсан нэгэн баталгаа болж байгаа юм. Ер нь эмзэг бүлгийн хүүхдүүдэд хувцас хунар хоол унд зүгээр бэлэглэхээсээ илүү ингэж урлагаар хүмүүжүүлэх, амьдрах ухаанд сургах нь хамгийн зөв учраас тэрээр шилдэг аравт шалгаран үлджээ.
4

5.


Пүрэвжалын Төмөрбаатар Хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэр дээр суудаг хэдий ч тэрээр гараа хумхиж суусангүй, харин бусад тэргэнцэртэй иргэдийн төлөө ихийг хийж байгаа юм. Улсын хэмжээнд 13 мянган тэргэнцэртэй иргэн байдаг гэсэн тооцоо байдгийн 2000ийг нь хамруулан сургалтанд суулгаж, мөн тэднээс шалгарсан 2 залууг Япон улсад ирээдүйн удирдагч бэлтгэх сургалтанд хамруулан сургажээ. Тэргэнцэртэй иргэдийн хувьд амьдралд бэрхшээл их тохиолддог. Тэд хөдөлмөрийн чадвараа алддагаас гадна, өдөр тутам гадагш гарч орохоос эхлээд бэрхшээл их учраас хөгжлийн бэрхшлээтнй иргэдэд туслуулах зорилгоор 18-25 насны сайн дурын 1 туслагчтай болох ажлыг зохион байгуулжээ. Мөн тэргэнцэртэй залуусыг хөдөлмөр эрхлэх, сургуульд суралцуулж эхлэж байна. тэрээр эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн хийхийг зорьж байна. Зовлон бэрхшээл хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Тиймээс иргэд хөгжлийн бэрхшээлтэй болвол сэтгэлээр унах нь их ч төмөрбаатар амьдралын зорилгоо алдсангүй харин илүү зоригжуулан тэргэнцэртэй иргэдийн төлөө тэмцэж байгаа юм. түүнийг Тэргэнцэртэй иргэдийн зүгээс дэмжин энэ цагийн эгэл баатарт нэрийг нь дэвшүүлж байна. Одоогийн байдлаар 2000 гаруй тэргэнцэртэй иргэдийг хамруулан тэдний эрх ашгийг хамгаалж, тэргэнцэртэй 400 гаруй иргэдийг ажлын байраар хангах оёдлын үйлдвэр зэргийг байгуулжээ. Энгийн хүний хийж чадаагүй зүйлийг тэргэнцэр дээр суудаг ч гэлээ хийж байгаа энэ хүний эр зориг, итгэл агуу юмаа.
5

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...