Б.Номинчимэдийн "Хөх илдний очис" номын хэсгээс. 1175 онд Сүбээдэй баатар төрснөөс эхлээд Монголын эзэнт гүрний задрал шувтарч, тэр эрчим хүч Европ руу шилжин очих хүртэлх үеийг хамрах түүхийн талаар өгүүлэх ном.
Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.
Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм. Жарчуйдай дархан энэ жил 13 нас хүрч, эцгийн хөөрөг тулмыг хөдөлгөхтэйгээ болж буй Зэлмэ хүү, өнөө маргаашгүй болсон тулгар биетэй эхнэр Омол хийгээд өрх гэрийнх нь хүнс хоолыг залгуулдаг хайнагийн гурван үнээ, хоёр эр бяруутайгаа энэ хүйтэнд үлдсэн нь санамсаргүй хэрэг биш ажээ.Үүний учрыг өгүүлэхэд, Жарчуйдай дархан түрүү жилийн зул сар адгаар Тайгын өвөр лүү давж, хужир шүүний наймаахан хийгээд буцахдаа оройтож, Соён Тагийн даваагаар үүр шөнөөр давж таарсан юм. Хормой бэлээрээ хөвчин их ойгоор хучигдаж, өвчүү цээжээсээ дээш нүцгэн нүцгэн ян сарьдаг болсон сүрлэг их уулсын тэхий дундуур давах энэхүү даваа бол умард, өмнөдийн тунгалаг их далайг алган дээрээ тавьсан мэт тольдон харж болдог, хэрвээ наран илчсээрээ тэнгэрийн мандалыг хичээн арчсан мэт тийм тунгалаг гэгээн өдрөөр бол өмнөд их далайн чинадах уулсынх нь хөх сүүдрийг ч харж болдог өндөрөөс өндөрт орших билээ. Умард их далай нь харин өмнөхөөсөө агуу уудам бөгөөд зах хязгаар нь хаа хүрч дуусдагыг тайгын тэнэмэл салхи ч үл мэднэм. Энэ далайн өмнөд хөвөөгөөр, энэ далайд түрхэрэн цутгах Их мөрний адгаар Гурван Мэргид хэмээх цөс, омог ихт, явдал холтой сүрлэг хөх эрс бүхий дайчин аймаг нутагласаар он оныг элээсэн ч тэд тэрх далайн чинадад зүрхлэн хүрсэн нь үгүй, тэр аглагт гагцхүү үргэлжилсэн их царс модон ойд үлгэр домгийн улаан аваргас амьдардаг гэхээс илүүг хэлж үл мэдэх билээ. Өмнөд их далайгаас эх авсан Эгүүнэ гол мянга мянган уулсын үзүүрээр алсын алсуур мяндсан утас аятай тойрон даяалсаар, мурилзах газраа мурилзан аргадаж, сүр хүчийг үзүүлэн түрхэрэх газраа түрхэрэн уурсаж урссаар умардын их далайдаа очиж нийлдэгийг харин энэ их даваагаар давсан бүхэн санаж, хүйн холбоотой энэ хоёр их далайг нэгэн агшинд толион харж буйдаа бахардан эрхгүй дуу алддаг ажээ.Жарчуйдай давааны онь хөтөл дээрх их овооноо гарч ирэхэд умаршаа өрнөшөөх их далайдын тунгалаг мөсөн толионд тэнгэрийн одод ойн гялбаад, зах хязгаартаа нийлсэн нь чухам аль нь тэнгэр, аль нь далайн мандал болох нь үл ялгарч, нэг бол тэнгэрийн одод тэр аяараа газарт хотлохоор бууж ирсэн мэт, эсвээс Жарчуйдай дарханы хохигор муу хөх үдээрэн бие тэнгэрийн суудалд заларсан мэт санагдаж, дархан эрхгүй бохирон унаад тэнгэрийн тэр олон одонд мөргөн залбирч билээ। Энэ нь үүр шөнийн торгон агшинд, үүрийн гэгээ тэнгэрийн хаяанаа мэлтэсхийхийн өмнөх агшинд байж таарчээ. Нулимс гээчийг аль хүүхэд насандаа л тас мартчихсан байсан энэ эрийн цээж нэг л хачин огшиж ирээд, мөсөн унжирга харшилдах аньсага сормуусан завсараар нь агь мэт гашуун нулимс их далай мөсөн баринтагаа шилгээхэд ариг хар усан мэлтэсхийн бургилдагийн адилаар мэлмэрээд иржээ. Хүнд лантуу, хүйтэн халуун төмөртэй цаг мөчид харшилдсаар төмөр шигээ хатуу хар савар шиг болсон арвагар арван хуруугаа тэнгэр өөд сарвайлгаад асгаран орж ирсэн үгсээ шившин шившин өгүүлж байхуйд чухам болор хонхноос л тийм аялгуу гарах болов уу гэмээр жингэнэсэн аялгуу бүүр түүрхэн сонсогджээ. Жарчуйдайд эхлээд сахал сармаанд нь бүү хэл хөмсөг, сормуусанд нь хүртэл харшилдан унжсан мөсөн унжуургасын дуу биз хэмээн санагдсан авч, тэр аялгуу нэг л ер бусын сонсогдох тул төдөлгүй дуугаа аядаад хичээн сонсов. Нэг тийм гэх тэмдэггүй жингэнэсэн аялгуу үе үехэн бүдэгхээн сонсогдох ажээ. Жарчуйдай шижир алтнаас эхлээд ган, хүрэл, мөнгө, шавар, мод гээд үй олон хонхнууд хийж явсан, бас тэдгээр хонхосоос тус бүртээ өөр өөр ялгуу гардагийг олон жилийн туршлагаараа сайтар ялгаж мэдэхтэйгээ ч харин энэ аялгуунд чухам тийм гэж нэрлэж хэлэхэд бэрхтэй нэгэн жингэнээ байгааг анзаарчээ. Тэр ч бүү хэл тэрхүү аялгуу нь тэр тэнгэр газрыг бүхэлд нь дүүргэн цацалсан очисын хэлтэрхий мэт оддын дундаас, гэхдээ бүүр Тэнгэрийн гох одны баавгайн соёо шиг тахиралдан унжсан үзүүр тушаа ойрмогхон шинээр үзэгдэх болсон цувраа хэдэн оддын зүгээс ирж буйг мэдэрчээ. Тэнгэрийн одод аялгуу гаргадгийг анх мэдэж, тэр оддын аялгууг анх удаа тийн сонсожээ. Анх арваад жилийн өмнө зургаан мичидийн зулай дээр нэгэн хурц тод од гялалзах болсоныг мичид тохиох үеэр анзаарч билээ. Тэгтэл ганц Жарчуйдай ч түүнийг анзаарсан биш байж, хожимхон Улаан тайгын Их зайран Дай-Үүр тэр оддыг Жарчуйдайд онцлон зааж өгөхөд өнөөх оддын дор хэдийнэ гурван ч од цувралдан гараад ирчихсэн байсансан. Тэр оддын цувраа жил улирах тусам нэмэгдсээр эдүгээ бараг 10 хүрчээ. Гэхдээ зөвхөн зул сарын битүүнээр л тийнхүү Зургаан Мичидийн зулай дээр, Тэнгэрийн Гохын үзүүр тушаанаа цувралдан тохиох бөлгөө. Одод ингэж олноороо цувралдан тохиох нь эгэл бус үйлийг зөгнөдөг болохыг Их зайран хэлж, энэ үйл хэрэгт их бага хэн боловч бэлтгэх учиртайг сануулж байсан ч энгүй тайгын эгэл дархан Жарчуйдайн хувьд эгэл бус их үйлд хэрхэн бэлтгэхээ харин даанчиг нэг төсөөлөхгүй явсан билээ.Энэ удаад, гал, ус хоёрыг цаг үргэлжид харшуулан, хилэнцийн эзний омгыг ямагт хурцалж суудаг дархан Жарчуйдай Соён Тагийн давааны орой дээр, зул сарын адгаар, үүр шөнийн заагаар тэнгэрийн тэр эрхэсийн дуу аялгууг эндүүрэлгүй сонсон бишрэв. Тэр цагаас хойш дархан Жарчуйдай ямархан нэгэн зүйл хийхсэн гэсэн нэгэн агдсан хүслэнд бүрнээ эзэмдэгдсэн ажээ. Ер хичнээн бодсон ч түүний хувьд хийж чадах зүйл нь ган төмөр давтах л байж, тэгээд ч их үйл хэргийг үеийн үед агуу баатар эрс л золбоо хиймор, зориг цөсөөрөө бүтээж, туурвиж ирсэн тул тэр баатар эрсийн гарт ирж буй цагийн салхийг сөрөн исгэрч чадах тийм илдийг давтан хийх нь л дархан болсоных нь хамгийн дээд хувь ерөөл болохыг тэр ойлгож байлаа. Ингээд тэр бүтэн жилийн турш нэгэн гянт илдийг хийхээр түмэндээ оролдсон ч чадсангүй. Тэр хичнээн сайн ган гүйлгэсэн ч илдний хат ямагт гологдож байв. Уг нь Жарчуйдай хөвч тайгад үеийн үед ган хатааж ирсэн халуун, хүйтэн, ил, битүү, нойтон, хуурай бүх 41 аргыг нэг нэгэнгүй сайн мэдэх ч, алийг нь ч гаргуун ашиглаж, хэрэглэж чадах ч эгэл амьдралын хэрэгцээний эд зүйлс хийхэд хэрэглэдэг эдгээр ган хатаах арга нь тэр эгэл бус үйлсэд зориулагдсан гянт илдний хатыг хэрхэвч гаргаж чадахгүй болохыг, эгэл бус үйлсийг эгэл бус хүн хийгээд юмс л бүтээнэ, түүн лүгээ адилаар эгэл бус юмсыг эгэл бусын аргаар л хийх учиртайг тэр нэгэн үдэш, галын дөл сөрвөлзөн гялалзахыг харан хөөргөнийхөө ёзоорт сууж байхдаа ойлгожээ. Тэгээд нэг хэсэгтээ зүгээр л аравт цэргийн илд жадхан, эсвэл эхнэр бүсгүйчүүдийн тогоо, жалавчханаа л цоолдож суух минь, энэ миний хувь ногдол, тэр Их зайрангийн хэлдэг, тэр тэнгэрийн оддын дохиолдог эгэл бус үйлсэд өчүүхэн дархан миний хувь нэмэр юусан билээ, хэрээс хэтэрсэн үйлд сарвалзах нь инээдтэй хийгээд магадгүй тэнгэрийн таалалд ч нийцэхгүй буй заа хэмээн бодогдож, аар саарханыг оролдсон ч, тэр оддын аялгуу зүүдэнд нь үе үехэн жингэнэн сонсогдоод, өглөө үдшээр тэнгэр хараачлахдаа нөгөөх агдсан хүслэнгээ мэдрэнэ. Тэгэж тэгэж, идэр гурван есийн хүйтнээр, үүр шөнийн жавар тоших цагаар тэр хөх оддын гялбаан дор, тэр аялгуун дор нь илдээ хатааж үзвэл ер яадаг юм бол гэсэн саваагүй ч гэмээр санаа орж иржээ.Тэр өвөл яг хүссэнээр нь хүйтрэв. Жарчуйдай дархан ийм хүйтэн болж байсныг ер 50 шүргэх насандаа огтоос үзээгүй санагдана. Сарьж зогсохдоо халуун шар шингэн нь газарт буумагцаа хөлдөж, гозойсон шаргал мөс нүдэн дээр нь босоод ирэхийг харж зогсохдоо цаг ирсэнийг ойлгов. Ингээд Зээгт хонхороос цэврээр нь ялгаж авсан төмрийг өдөр өдрөөр нэгэн хэмийн давталтаар уйгагүй нимгэлэн давтсаар, гурван ёсийн жавар чангарах үеэр илдний төрхтэй болгоод амжив. Харин тэр оддын аялгуу дуурсах шөнө эхлэхээс бүүр өмнө л галт хар чулууг ханхигар гэрийнхээ баруугаар дүүртэл хурааж, хөлдүүсэн хусны нүүрсийг арвитай базааж аваад хариу бүрийгээс эхлэн Зэлмэ хүүгээрээ хөөргөө даруулж, өөрөө 5 жингийн лантуугаараа илдийн хоёр ирээр судасныхаа лугшилтийн хэмээр жигдхэн буулгаж гарав. Дархан энэ өвлийн хүйтнийг хангалттай давахаар хар чулуун нүүрсийг аль намраас л хаяндаа татаж авсан билээ. Гунан шарын ширээр хийсэн хөөрөг жигдхэн хүүгэхэд хусны цог улалзан, мах мэт улаан болсон төмөр лантууны буулт бүрээр цав цагаан очис үсэргэн туяарч байлаа. Үе үе Зэлмэ хүү хөөрөгний даруулыг нэг гартаа аван, нөгөө гараа сунган, дэргэдээ тагштай тавьсан мараанаас атган төмөр, лантуу хоёрын дундуур цацахад шажигнах дуу гарч, шаргал очис бутран үсчих ажээ.Энэ хэмийг алдалгүй давтсаар үүрийн өмнөхөн дуусгаад, үүр шөнийн голгүй жаврыг сөргүүлэн, өнөөх цувраа оддын тохиол дор, түүнээс дуурсах жингэнээ аялгуунаа хатаахаар аав хүү хоёр улайран зүтгэж байх хооронд тулгар биетэй эхнэр Омол нүүрс, хусыг галд дөхүүлэн өгч тусалж байв. Омол уг нь хөнгөрөх цаг аль хэдийнэ болсон авч ер өвдөж дуншиж мэдэгдэхгүй, хөнгөн шингэн хэвээр, хумбан хар тогоо хөмөрчихсөн мэт гэдэс нь өдөр өдрөөр улам томорсоор байжээ. Зэлмэ хүүгээсээ хойш бараг тавантаа жирэмсэлсэн ч бүгдээрээ долоон сараа ч гүйцээлгүй зулбачихаад байсан хэр нь харин энэ удаад 10 сараа аль хэдийнэ өнгөрсөн авч томрохоос биш ер өвдөж, дуншиж мэдэгдэхгүй байсанд аль алиных нь сэтгэл далдуурхан түгшиж байсан билээ.Тэр шөнө, шөнө шөнөөс ч илүү хурдан өнгөрөх шиг болж, үүрийн харанхуй өтгөрөн одод тоших цаг дөхөх үеэр гэнэтхэн гадаах хөлдүүсэн хашаанд байсан хэдэн үхэр нь сүртэй шуугилдаад явчихав. Аав хүү хоёр хийж буй үйлдээ хамаг анхаарлаа шавхсан байсан тул тэр дуу чимээг ч сонссонгүй, харин Омол бүсгүй сэрдхийн чагнаархсанаа, анхандаа нэг ч их тоосонгүй, гэвч үхэрнүүд нь сүртэй чангаар орилолдон, бужигнаж, хөлдүүсэн хороогоор нэг бужигнаан болоод, тар няр, тас нясхийн пижигнээд эхэлсэнд тэсэлгүй алчуураа шүүрч аваад гарчээ. Гэрийн гадаа бүсгүйн мэгдэн чарлах дуун хоёронтоо гарсан авч аав, хүү хоёр анзаарсангүй, шөнөжингийн галд улайссан нүд нь бүргэдийнх шиг сүртэй эргэлдэн, халууцаж улайсан, хөлс нь бөнжигнөх нүүр царай нь Хөшөөтийн хөтөл дээр байдаг өвөг дээдсийн улаан чулуун хөшөө шиг хүрэнтэн бадайрсаар, хүнд лантууны жигдхэн хэмнэлээр илдээ давтаж гүйцээд, улайдсандаа цагаан очис гүйлдсэн илдийг хавчуурганд зуулган барьсаар Жарчуйдайг гэрээс үсрэн гарч ирэхэд гэрийнх нь бараг үүдэн дээр нэгэн ер бусын аварга том дэлт чоно эхнэрийг нь тас гэдрэг харуулан унагаад, үзүүрсгэн дээлийг нь тасар тасар тасчин хаялж, хар толгой суусан хоёр мөөмийг нь хуу татан авч зулмалаад зогссонгүй, тулгар гэдсийг нь яран, хэвлийд байсан нярайг нь ил гаргачихсан, сальс самсааг нь цус, ус, эхэстэй нь холин шалчиг балчиг хийн долоочихсон зогсож байв. Идэр залуудаа Хиргисүүдэд олзлогдон, Хашин, Хидааны хязгаарт болсон ихийн их тулалдаануудад цус урсахыг бишгүйдээ л харж, улаа элээнд дассан ч Жарчуйдай гэнэтийн ийм үзэгдэлд эрхгүй цочирдов. Уур савсах хагархай ургын дотор чонын шуналтай долоох шаламгай хэлэн дор бяцхан нярай арвалзана. Гал цахилсан харцаар чоно Жарчуйдайг хялалзан харав. Агшинд ямар ч амьтанд байдаг үр зулзагаа гэх тэр хүчит мэдрэмж дарханыг удирдан, чоно руу улангасан дайруулав. Чоно харин ялимгүй цахлаад хөдөлсөнгүйд Жарчуйдай эрчээрээ хавчуурганд зуулгасан улайдмал илдээ чонын хэнхдэгэнд шааж орхилоо. Хиншүү, түлэгдсэн махны үнэр цоргиж, чоно гайхсан мэт Жарчуйдай руу харсанаа огло харайн эргээд харайлгачихав. Арын онь дээр хөндөлсөн зогсоод, эргэж харахад нь цээжинд нь шаалттай өнөөх илд одод цацсан тэнгэрт ердойн харагдана. Чоно өнөөх оддын зүг өлийн нэгэнтээ уртаар татан ульсанаа цааш бөртөлзсөөр далд орчихов.Жарчуйдай чоно аль хэдийнэ хүйг нь тасалчихсан нярайг хормойлон гэрт оруулж, баруугаар байсан үзүүрсгэн нэхийд тунтайлж тавив. Айснаасаа болоод уйлж ч чадахгүй болчихсон Зэлмэ хүүгээрээ хамжуулан талийгаачийн нүд хальтирам цогцосыг галт хар чулууны бүтээлгэнд ороож урьд энгэрийн хөмөгцөгт тавьчихаад тэр үүрээр хоёр үхэр тэргэнд хамгаа ачаалаад тайгаас буухаар хөдөлжээ. Хөдлөхийн өмнө өнөөх нярайн боолтны захыг сөхөн харвал амьд эсэх нь үл мэдэгдэнэ. Хүн болохоосоо нэгэнт өнгөрсөн энэ амьтаныг одоо яалтай, Жарчуйдай эхийг нь тавьсан энгэрт байх бяцхан цохио хадны үе дээр боолттой чигт нь хөмөн гутлын түрүүнд шургуулаад тавьж орхижээ.Тайгаас бууж, айл амьтаны хаяа бараадсан Жарчуйдайд урьд өмнө үзэж хараагүй цоргисон харцтай аварга тэр чоно нэг л ер бусын санагдаад болж өгсөнгүйгээр барахгүй өнөөх бүтэн жилийн туршид хичээн оролдсон илднийхээ хойноос эхнэр, үрээсээ илүү харамсаж буйгаа анзаарч, дотроо баахан гайхжээ. Гурав хоногийн дараа Жарчуйдай тэссэнгүй, тэр чонын ул мөрийг үзэхээр хуучин нутаг өөдөө явлаа. Бууцныхаа доод хошуугаар гараад иртэл өтөг бууц нь уйтгар сэмрээн харлан угтав. Харин нярайг тавьсан цохио хадан дээр тайгад хэзээ ч үзэгдэж харагдадгүй Алтайн хөх толгойт өд сөд нь ихэд сэрвийсэн орог бүргэд ихэмсэглэн суугааг хараад гайхав. Бүргэд хэзээ ч сэг зэмээр хооллодоггүй билээ. Мөн их хүйтний эхээр үзэгдэхээ болчихсон байсан турлиах, хэрээнүүд хадан цохиог цагираглан тойроод, зарим нь дэгэнцэн гүйлдэж, зарим нь өнөөх бүргэд рүү арга барагдсан мэт бархиралдаж байх ажээ.Амлаагүй хүүхэд гурав хоногтоо харангалдаггүйг санасан Жарчуйдай яаран дэргүүлсээр цохио хадны оёор очиход хэрээ, турлайхнууд дуртай дургүй явгалан гүйлдэж холдоод, харин бүргэд ер хөдөлсөнгүй, хадны оёороор бутарсан хар өд ихэд хөглөрсөн байх нь энд ширүүнхэн тэмцэл өрнөснийг илтгэнэ. Жарчуйдай хадны үе дээр тавьсан нярайг шүүрэн авч салгалсан гараар задлав. Нярай харин амьд байлаа. Хүйтэн агаарт цохиулан цочирсондоо ялиг муригнан хөдлөв. Тэр хүү байв, бяцхан хар бөөжгийнөөс нь адис авсан Жарчуйдайн нулимс сад тавин асгарч, хүүгээ элгэндээ тэврээд саргиа саарал хоолойгоор бархиран уйллаа. Бархирсан хэвээр хүүгээ буцааж боогоод өвөртөө хийн гэрийн зүг харайлгав. Замын туршид тэр бархиран бархиран уйлсаар явжээ. Харин орог бүргэд аав хүү хоёрыг даган дагасаар, гэрт ирэхэд нь ч тэртээ дээр тэнгэрийн цээлд жижигхэн хар толбо болон эргэлдсээр байжээ.Жарчуйдай дархан хэд хоногийн дараа дахин хуучин өтөг бууцаа зорин очиж өнөөх чонын мөрийг шиншилсээр хөвчийн тана дээрээс өнөөх илдээ олж авчээ. Чонын амь халуун цусанд хатаагдсан илдийг бүрхсэн хар хүрэн өнгөрийг цэвэрлэхэд цаанаас нь гялалзсан хөх ган гарч иржээ. Хожим яагаад ч юм Сүбээдэй нэр өгсөн хүүгээ арван гурван нас хүрч, Зэлмэ ахынхаа нөмөр дор Эзэн Чингис хааны байлдааны Догшин Их хар сүлднээс адис авахад нь бариулыг нь алтадан, тойв дээр нь очир эрдэнэ суулгасан тэрхүү илдээ хүүдээ адислан өргөн барьсан билээ. Тэр сарны гэрэлд хуйвнаас нь сугалахад ирээр нь хүйтэн хөх очис үсчин гүйлддэг, ерийн төмрийг мөөг зүсэх мэт хирчиж орхидог ер бусын гянт илд болжээ.Харин тэнгэрт гэнэтхэн үзэгдэх болсон тэр цувраа одод тэр нэгэн шөнөөс хойш нэгээр нэмэгдсэнийг харж, тэр цагаас Жарчуйдай дархан зул сарын шинэдийн үүрээр үргэлж өргөл өргөх болсон билээ. Хожмын өдөр, насан өндөр болсон хойноо Соён Тагийн даваан дээр үүр шөнөөр нэгэнтээ гарч, умардын зах хязгаар нь үл харагдах уудам их Байгал далайн чинадийн чинадад, мянга мянган уулс, гол мөрдийн цаана байх, Атриат хэмээх их атриат мандалтай бас нэгэн уудам их далайн зах хөвөөнд хүрч, зүс буруу шар эрсийн омгийг нугалж явсан хүүгийнхээ сургийг тэнгэрийн тэр цувраа оддын жингэнэсэн аялгуунаас сонсож байхад тэр оддын тоо хэдийнээ арван зургаа хүрчихсэн байж билээ.Ийнхүү Чингис хааны шадар өрлөгийн нэг, агуу их жанжин Сүбээдэй баатрын Хөх тэнгэрийн зарлигийг хөрстийн дайдад дуурсган, журмыг тогтоох их үйлсэд хүчин өргөхөөр цөвүүн цагийн жаврыг сөрөн хүмүүний орчлонд хүрэлцэн ирсэн нь энэ бүлгээ.***Сүбээдэй баатар 73 насыг насалтлаа Өмнөд Хятадын Шар тэнгисээс Өрнөд Европын Атриадын тэнгис хүртэл, Балар Шиврийн тайгаас Бангкокийн ширэнгэ хүртэл дэлхийн дайдыг хэдэндээ хөндлөн гулд хэмжиж, хэдэн бумаас, хэдэн арван саяар тоологдох их бага 40 үндэстнийг номхотгон журамд оруулж, их бага 60 тулаанд ямагт ялан гарсаныг нь дэлхий даянаа урьд хожид алдраа дуурсгасан ямар ч баатар эр давж гараагүй билээ। Өнөөх эх барьж авсан чоныг долоож байхад хараахан нээгдэж амжаагүй баруун нүд нь Дундад Азийн гүнд болсон нэгэн тулаанд тэнэмэл суманд оногдсоноос өөрөөр Сүбээдэй баатар шархдах нь бүү хэл шалбарсан ч үгүй, харин тэрхүү очис гүйсэн хөх илд нь түүний хүү Урианхайдай жанжин, түүний хүү Бор баатраар дамжин явсаар он оны хойно тэнгэрийн тэр оддын цаг дуусахад хувь заяаны эрхээр Английн эзэнт гүрний эриний өмнөхөн өрнөдөд шилжин одсон тухай дараа дараагийн өгүүлэх түүхэнд гарах болно оо.
Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.
No comments:
Post a Comment