МТҮП-ийн БXA-ны дарга Б.Батчулуун: Андройд бол Mонголчуудын хувьд том боломж

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.
Андройд нь Линукст суурилсан хөдөлгөөнт холбооны үйлдлийн систем бөгөөд "Андройд Инк" фирмээс үүсэлтэй ч "Гүүгл" компани худалдан авсан.
2005 оны долдугаар сард "Гүүгл" компани "Пало Алто"-д суурилсан эхлэлийн чанартай үйл ажиллагаа явуулснаар "Андройд инк" компанийн үйл ажиллагаа сэргэж, эрчимжжээ. Ийнхүү "Гүүгл" нь 2006 оны 12 дугаар сард гар утасны зах зээл рүү түрэн орсон байна. Энэ сэдвээр Мэдээлэл технологийн үндэсний паркийн Бизнесийн хөгжлийн албаны дарга Б.Батчулуунтай ярилцлаа.

-Андройд Монголд хэрхэн үүссэнээс яриагаа эхлэх үү?

-Дэлхийн зах зээлд 2006 онд гарч ирсэн бол манай улсад өнгөрсөн онд орж ирсэн. Өнгөрсөн онд Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны технологийн салбарын 88 жилийн ойг угтан Мэдээллийн технологийн үндэсний паркаас "Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентийн хөгжүүлэлт" сэдэвт уралдаан зохиосон. Уралдаанд найман багийн 13 бүтээл ирж байсан. Ирэх сард дахин тэмцээн зохиохоор багууд бүртгүүлж байна. Андройд систем нь нээлттэй, хөгжүүлэх боломжтой. Нэмэлт функц зохиож оруулж болдгоороо онцлог. Андройд системтэй гар утас дэлхийн зах зээлийг эзлэх хурд нь маш өндөр байгаа. Одоогоор Iphone-ны дараа бичигдэж байгаа ч 2020 он гэхэд дэлхийд тэргүүлнэ гэсэн таамаг бий. Энэ утасны төхөөрөмж маш олон мэдрэмж бүхий төхөөрөмжүүдтэйгээрээ онцлог. Тухайн төхөөрөмжүүдийг ашиглан маш олон төрлийн програм бүтээж болно. Жишээлбэл GPS ийг нь ашиглан байршил тодорхойлно. Соронзон орон мэдрэгчийг зүг чиг заагч програм бүтээхэд ашиглаж болно. Мөн металл эд зүйлс мэдрэх, бүх төрлийн хөдөлгөөнийг мэдэрдэг wireless 3-4G хүртэл боломжтой. Ингээд бодохоор тухайн нөөцийг ашиглан маш хэрэгтэй програм тухайн утсанд бүтээн суулгаж болно гэсэн үг.

-Монголчууд гар утас маш их ашигладаг боловч ихэнх нь зөвхөн ярихад л зориулж байна. Гар утсыг ярихаас өөрөөр юунд ашиглах боломж байдаг вэ?

-Хувь хүний технологитой харьцах боловсрол дутмаг байна. Төхөөрөмж нь хөгжөөд байдаг. Түүнтэй харьцах боловсрол дутуу байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ технологийг танилцуулж, тайлбарладаг байвал олонд үр ашигтай хэрэглэгдэх байх. Малчид малаа шуурганд алдчихаад хэдэн cap хайдаг. Тэгвэл андройд утастай хавсран ажилладаг GPS төхөөрөмж програмчлаад малчдад түгээнэ гэж бодъё. Малчин утсаа бариад хавсарч ажилладаг жижигхэн GPS төхөөрөмжөө азарганыхаа дэл, сүүлэнд ч юм уу бэхлээд орхино. Малчин утсандаа азарга адуугаа хаана явааг харах зэргээр ашиглаж байж технологи хэрэглэж байна гэж ярина шүү дээ.

-Нээлттэй эхийн хөгжүүлэлт гэдэг нь юу гэсэн үг юм бэ. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаач.

-Нээлттэй эхийн цаана хамтдаа гар гараа бариад хөгжье гэсэн хүмүүнлэг философлог зүйл оршдог. Жишээлбэл, линукс үбүнтү-гийн сидиг захиалахад Нидерландаас шуудангаар үнэгүй ирдэг. Лого нь гурван өөр тивийн хүн гар гараасаа бариад тойрч байгаа зурагтай. Энэ нь нэгдмэл нэг санаатайгаар ирээдүй өөд хамтдаа гэсэн утгатай. Хаалттай систем болох Виндоус системийг 40 мянган программист хөгжүүлж байгаа гэж бодъё. Дэлхийн зургаан тэрбум хүний хэд нь программист бол? Нээлттэй эхийг төдий чинээний хүмүүс хөгжүүлдэг гэсэн үг. Нээлттэй эх рүү гар дүрдэггүй программист ховор байх.

-Манайх андройдыг хэр хэрэглэж байна вэ?

-Андройд системтэй утас оруулж ирж байгаа хувь хүн байгууллага бий болж байгаа ч өргөн тархаагүй байх шиг санагддаг. Мэдээллийн технологийн салбарт ажилладаг хүмүүс л ач холбогдлыг нь мэддэг болохоор хэрэглэж байх шиг байна.

-Андройд утсанд зориулсан програм онлайнаар худалдах боломжтой гэсэн. Энэ талаар яриач?

-Гадаадад энэ төрлийн бизнес өргөн дэлгэр байдаг нь маш өндөр ашиг олдогтой холбоотой. Жишээлбэл андройд системд зориулсан програм борлуулдаг гүүгл компанийн "Андройд Маркет" гэж сайт байдаг. Түүнд бүтээсэн програмаа байрлуулан борлуулж болдог. Нэг програм дунджаар нэг доллар байдаг. Сайн програм 30 доллар хүрэх ч үе бий. Таталт нь зарим үед сая хол давах тохиолдол ч бий. 1-3 сарын хугацаанд 100-200 мянган удаа татагддаг юм байна лээ. Зардал бага гардаг хэр нь ашигтай байгаа биз. Андройд дээр програм бүтээх багаж хэрэгсэл бүгд үнэгүй. Нээлттэй эх дээр байдаг учраас заавал андройд утас шаардлагагүй. Адилтган ажиллуулагч програм байдаг юм. Ялангуяа оюутан залуус маань энэ төрлийн бизнес хийх боломжтой.

-Та өөрийн зохиосон программыг танилцуулаач?

-Цагдаагийн гэрэл гээд тоглоом байгаа. Хүмүүсийг хөгжөөх зорилготой, чөлөөт багаж хэрэгсэл юм. Ихэнх хүүхдүүд багадаа цагдаа, эмч, гал сөнөөгч болохыг хүсдэг шүү дээ. Хүн бүрийн дотор цагдаагийн машины гэрэл, дууг өөрийн гараар ажиллуулж үзэхийг хүссэн хүсэл байдаг. Үүнээс үндэслээд цагдаагийн дуут дохио, анивчдаг гэрлийг өөрөө гараар удирдаж ажиллуулах боломжийг олгосон програм бүтээсэн. Интернэтэд туршилтын журмаар үнэгүй тавихад хоёр сарын дотор 300 мянга гаруй удаа татагдсан. Хэрэглэгчдийн сэтгэл ханамж өндөр байгаа. Ихэвчлэн АНУ, Герман, Хятад, Франц зэрэг орноос татаж авсан байна лээ. Нэг эмэгтэйг хоёр гурван согтуу залуу хоргооход нь энэ програмыг ажиллуулж л дээ. Гэтэл нөгөө залуучууд нь цагдаа ирж байна гээд зугтаачихсан гэж сэтгэгдэл үлдээсэн байсан. Мөн цагдаа нар их татан авч, "Утасныхаа дуун дээр тавьж болох уу" гэж асуудаг.

-Өөр нэг програм бас тавьсан гэж байсан?

-Нөгөө програм нь зүг чиг олдог програм юм. Усан дээр навч тавьсан дизайнтай. Усан дээр навч тавихаар зүг чиг заадаг шүү дээ. Амьдралаас сэдэвлэсэн юм. Гадаадынхан үүнийг мэддэггүй. Зарим нь үнэхээр усан дээр навч тавьж туршиж үзсэн гэдэг. Эдгээрийг одоогоор туршилтаар үнэгүй тавьсан. Эрэлт ихтэй байгаа.

-Програмын санаагаа хаанаас олдог вэ?

-Өөрөө л бодож олно доо. Ер нь хамгийн гол нь л санаа шүү дээ. Судалгаа сайн хийх хэрэгтэй байдаг.

-Гар утасны програм хангамж болон нээлттэй эхийн ирээдүйн чиг хандлага ямар байна?

-Андройд систем нь өөрөө гайхалтай. Төхөөрөмж нь сайн. Барьж байгаа бодлого нь зөв. "Гүүгл" компани дэд бүтцийг нь үүсгэж өгсөн. Гүүглийн сүлжээ, интернэтийн холбоо бэлэн байна. Хүн програмаа хийгээд, интернэтэд байрлуулан борлуулах бүх нөхцөл нь хангагдсан. Андройд бол манайд хөгжих боломжтой ирээдүйтэй систем. Бид утас, компьютер хийж чадахгүйгээс хойш ядаж байгаа зүйлийг нь хөгжүүлж яагаад болохгүй гэж. Систем софтваре тал дээр зэрэгцэн алхах хэрэгтэй байх гэж бодож байна. Дэлхийн том мэргэжилтэн, судлаачид ирээдүйтэй гэж онцолдог. Энэ бол монголчуудад том боломж.

-Хятадууд нээлттэй эхийг хөгжүүлээд өөрсдийн үйлдлийн системтэй болсон, Монголчууд ч бас Соёмбо нэртэй нээлттэй эхийг хөгжүүлэх гээд л байгаа. Яагаад олон нийтэд сайн түгж түгээмэл ашиглагдахгүй байна гэж бодож байна?
-Хэсэг хүн "Соёмбо" гэж системийг орчуулж байсан. Гэтэл орчуулъя гээд л ганц хүн суугаад орчуулахгүй бүхэл бүтэн баг ажиллана. Тэд олон цагаар сууж ажиллаж байгаа юм чинь цалин хөлс хэрэгтэй. Үүнээс болж манайд хөгжил нь тааруу байх шиг. Жишээлбэл дэлхийн IBM технологийн чиглэлийн компани өбөнтү, ленүксийг хөгжүүлдэг хүмүүсийг цалинжуулж, буцалтгүй тусламж үзүүлдэг. Дэлхийн банк, томхон газрууд их дэмждэг. "Соёмбо"-ынхон түрүүлж юм хийх гэж оролдсон.
Зууны Мэдээ сонин

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...