Мухар сүсэг ба "лээвчигтэй лам"

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.
Хөхөвч буюу бидний хэлж заншсанаар левчикт ном уншдаг ламтны тухай бичиж нэлээд сенсааци тарьжийсиймаа. Түүнийгээ оруулчлаа. Бурхан шашны тухай мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, олон янзын ойлгомжгүй асуултдаа хариулт авахыг хүссэн хэнд ч даацтайхан хариулт өгчих нийтлэл шүү. 
“…Бурхан болоод удаагүй аав, ээж хоёр минь гэрт ирчихсэн цай оочлон, элдвийг хүүрнэн сууснаа үнсчихээд гараад явчихав. Ингээд явуулчихвал тэднийгээ дахиад харж чадахгүй шүү дээ гэж бодон араас нь гүйх гэтэл хөл хөдөлсөнгүй. Хашгирах дуу ч гарахгүй юм. Усан нүдэлсээр хоцорлоо…”
Бөлцийж хавдсан хоёр нүд тольдох бүрт урьд шөнийн зүүдийг сануулна. Yдийн цайнаар Ганданд очиж, маанийн ерөөл уншуулаад сая нэг сэтгэл хөнгөрөх шиг болов. Хааяахан, бүтэн сайны өглөө эртлэн босоод Гандан орох сайхан байдаг юм. Хүрд эргүүлэн, тагтаа хооллоод, өглөөний нарыг харж зогсоход аав, ээжтэйгээ уулзах мэт санагддаг. Ганданг зорьдог шалтгаан минь энэ. Бусдаар бол лам хувраг, уншлага ном гэж явах дургүй хүмүүсийн нэг. Харин дотны найз маань ямар сайн үзмэрч, бөөгийн сураг сонсогдоно, хаана хэн гээч хутагт хувилгаан тодорно, хамгийн түрүүнд үйлчлүүлдэг хүн. Баянхошуунд байдаг мэргэн чадалтай түргэн ламын тухай дуулжээ. Гэгээ ч ороогүй өглөөний долоон цагт мэргэн ламын гадаа хүн, машин багширчихдаг юм байна. Ламтанд үзүүлж харуулах хүмүүс өглөө 07.30-д номер авах журамтай. Мэргэ төлөг, мэнгэ төөрөг худалдан авагчдын 80 орчим хувь нь эмэгтэйчүүд. Анх очсон хүмүүс үзүүлээд, засал хийлгэх бол өдрөө товлоод гарна. Өргөл барьцын хэмжээ өгч буй хүний сэтгэл гэх ч доод үнэ нь 5000 төгрөг. Тэр лам бусдын адил хулгана өдөр болон мягмар гарагт хүн үздэггүй бөгөөд заслынх нь гол хэрэгсэл нь хөхний даруулга. Олон хүний заслыг хамт хийдэг учраас нэг удаад 10-20 хөхөвч хүлээн авна. Хийд сүм үү, дотуур хувцасны дэлгүүр үү гэдэг нь ялгагдахгүй. Янз бүрийн загвар, хэмжээтэй, өнгө өнгийн хөхөвчинд ном уншиж “хөхний хийморь” сэргэснээр бүсгүй хүний ажил төрөл бүтэх “нигууртай”.

Бурхны номыг хүн өөрийн биеэр сонсч, бие, сэтгэлээ тайвшруулж, хүчийг олдог гэдэг. Баянхошууны “урсгал”-аар бол “хөхөвч” нь сонгогчоо төлөөлсөн эрхэм гишүүн шиг төлөөлж чуулан, номын их хүчийг авах ёстой. Нэг хөхөвчөө ламд байнга хадгалуулчихвал бараг үхэхгүй юм биш үү? Засал номтой хөхөвчөө тайлахгүй зүүж байж үр дүнгээ өгнө гэж байгаа. Угаачихвал уншлагын хүч алдагдан, шидтэй хөхөвч “үйлдвэрлэх” ажил ахин шинээр эхлэх хэрэг гардаг гэнэ. Соёлын довтолгоонд дайруулсан өнгөрсөн зууны дунд үеэс монгол бүсгүйн үзэсгэлэнд чимэг болон дэлгэрсэн хөхөвч бурхны шашны ямар ч ном сударт байхгүй нь мэдээж. Дарь эх, Янжинлхам бурханд л зүүсэн хаасан лээвчиг алга. Мэдэж шүтдэггүй, мэргэлүүлж мунхардгийн тод жишээ болсон дотуур хувцасны хийд.

ГАРЗЫН YYДИЙГ ХААЖ, ХАРААЛ ХАРИУЛНА, ХАНИЙН ТЭНГЭР, YРИЙН ЗАЯА ДУУДНА...

Бид МЭӨ ҮII зуун Хүннүгийн үеэс бурхны шашинтай байсан түүхэн баримт бий. Монголчууд бурхны шашны өнө эртний уламжлалаа гурван удаа сэргээн засамжилж ирсэн ч 1937 онд устган зогссон. Шүтэх эрх жинхэнэ ёсоор баталгаажсан 1990 оноос бурхны шашин ахин сэргэсэн. Бурхнаа мартсан жилүүдийн төлөөсөнд шашин шүтлэг нялхарч, харь гаригийнхантай цай уугаад суучихдаг үзмэрчдийн арми төрж, бүхэл бүтэн бизнесийн салбар, консалтинг үйлчилгээ болж дэлгэрлээ. Ажил үйлчилгээний бүтээгдэхүүнүүд нь дотроо нөхөр дуудна, эхнэр хадна, ашиг нэмэгдүүлнэ, зарлага бууруулна, хараана, ерөөнө, золигт гаргана, зовлонд умбуулна гэж хэдэн зуугаараа задарна.

Иргэншил хоорондын мөргөлдөөн, хоёр өндрийг нураах, дэлхийн зах зээл, түүхий эдийн үнийн прогноз, сонгуулийн дүн, олимпийн медалийн өнгийг бол урьдчилж хэлэхгүй. Бурхны архивт байдаг гэх хүний хувь төөрөг, зовлон зүдгүүрт нэмэлт өөрчлөлт оруулдаг шидтэнүүдийн нэг дүр нь энэ “хөхөвчтэй лам”. Өдрөөс өдөрт хүмүүсийн мэдлэг боловсрол өргөжин, шашныг судалж, үнэн мөн чанарыг нь мэддэг болохын хэрээр хувь заяанд нэмэлт өөрчлөлт оруулдаг лээвчигээр зэвсэглэсэн “лам нар”-ын үзлэгийн кабинетууд цөөрнө гэдэгт найдна.

“Хөвсгөлийн бөө, удамт удган засал хийж, суудал засч, ажил төрөл бүтээх ном уншина, гарзын үүдийг хааж, орлогын үүдийг нээнэ, хараал хариулж, ад зэтгэрийг зайлуулна, ханийн тэнгэр, үрийн заяа дуудна...” 100 хувийн, бүтэн жилийн баталгаа өгөхөөр мухар сүсгийн зар сурталчилгаа телевизээр гарна.
Бодь мөрийн зэргийг олох, ертөнцийн мөн чанарыг танин бясалгаж, сэтгэлээ ариусгах бурхны шашныг “Таны бүх юм ОК” зарууд гажуудуулж, өөртөө итгэх итгэлийг үгүйсгэнэ. Хүмүүс яагаад өөртөө биш үзмэрчид, тоо баримтад бус зурхайчид, мэдлэг боловсролын оронд ламд найддаг юм бэ?

Тендерт ялах, гаальд ажилд орох, ихэмсэг бүсгүйн сэтгэлийг татах, архичин нөхрөөс салах, солонгосын виз гаргуулах, гол нь их мөнгө гэнэт олох гээд нэг талаас сайхан амьдрах материаллаг хүсэл, нөгөө талаас шунал тачаал дүүрэн шалтаг шалтгаан дуусдаггүйд байна. Хүн бүр, айл болгон өөрийгөө шашны даатгагч, багштан, шүтлэгийн үйлчилгээний компанитай. Өглөө хэдэн цагт яаж бие засахаа хүртэл асууцгаах нь ч бий. Ашиг орлого ихтэй “алдарт” үзмэрчид нь ямар арга технологиор юу хийгээд байдаг нь тодорхойгүй. Yзмэрч бүр өөр өөрийн аргаар хүний амьдралын урд хойд, сайн муу бүхнийг хэлж өгнө. Тэдэнд хандаж байгаа хүмүүс нийтлэг хэдэн зүйл л хүснэ. Хүний хамгийн хайртай эмзэг зүйлсийг нь барьж, ийм заслыг ингэж хийхгүй бол үр хүүхэд, аав ээж чинь өвдөнө, үхнэ гэж айлгана. Муу үг сонссон хүмүүс хэлсэн бүгдийг нь хийх болно. Засал хийхэд зураг, архи, цус, хөлийн хумс, долоон ширхэг зүү, зарааны үс гэх мэт “инструмент” хэрэглэгдэнэ. Хөхөвч нэмэгдсэн юм чинь удахгүй “дамский”, бэлгэвч, бандааш хийморь сэргээх эд хэрэгслийн жагсаалтад бичигдэнэ. Yр дүн нь засал хийлгэсэн бус хийсэн хүнд л авсан мөнгө, авлига хахуулиар нь мэдэгдэнэ. Монголчуудыг ийнхүү мухар сүсгээр төөрөгдөж байхад буддын шашны мөн чанарыг судалж мэдсэн хүмүүсийн тоо өдөрт хэдэн арваараа нэмэгдэж байна.

БУРХНЫ ШАШИН АМЕРИК, ЕВРОПЫГ СӨХРYYЛЛЭЭ

Хүний биеийн ихэнх өвчний 70-80 хувь нь эм тарианд эдгэхгүй, сэтгэлийн гаралтай өвчин голлох болсныг яг таг нотлох судалгааны дүнгүүд цувж байна. Америкийн 240 том эмнэлэгт бурхны шашны бясалгалыг албан ёсны эмчилгээнд оруулаад байгаа юм. Их хөлгөний Очир тарнийн урсгал Америкт эрчээ авч байна. Нью-Йоркийн захад лээвчиг шившдэг лам, Чикагод бэлгэвч сэргээдэг гэвш гэж огт үгүй. Бурхны шашныг судалж, зөв сэтгэлийг олцгоохоор бясалгацгаана. Албан ёсны судалгаагаар АНУ-д хоёр сая хүн бурхны шашинтай гэж бүртгэгджээ. Барууны орнуудад Буддын 1062 сүм хийд ажиллаж байна. Интернэтээр бурхны шашныг сурталчилдаг 27 мянган вэб хуудас ажиллаж, энэ төрлийн ном зохиолууд хамгийн их борлуулалттай болжээ. Yнэн алдартны Орост ч Буддагийн шавь нар нэг саяд хүрээд байна. Өрнийн соёлын тэргүүлэгч гүрний нэг Франц бурхны шашинтны тоогоороо Христын ертөнцийг тэргүүлэх болжээ. Фран¬цын хүн амын 10 хувь нь бурхны шашинтай болсон, 25 хувь нь хойд нас эргэж төрдөгт итгэгчид гэдгийг Францын засгийн газрын албан ёсны нэгдсэн судалгаанаас иш татаж байна. Хөгшин тивд Оросыг оруулахгүйгээр албан ёсоор бүртгэгдсэн бурхны шашны дөрвөн мянга гаруй томоохон байгууллага ажиллаж байгаа юм. Германд 1.5, Англид 1.2 сая хүн бурхны шашинтан гэж бүртгэгджээ.

ШИНЖЛЭХ УХААН, БУРХНЫ ШАШИН ХОЁР НӨХӨРЛӨХИЙН УЧИР
“Бурхны шашин үнэнийг өгүүлдэг гэдгийг юугаар батлах юм бэ” гэж та асууж магад. Шашин, шинжлэх ухаан хоёр нэг юмны хоёр туйл гэж боддог байсан цаг ард үлджээ. Учир нь орчин үеийн шинжлэх ухаан өндөр хөгжихийн хэрээр шинэ нээлтүүд нь бурхны шашны сургаалиудыг үнэн болохыг баталж байна. Нэг ёсондоо шашин, шинжлэх ухаан хоёр нэгэн цэгт уулзаж, гар барилцан хүмүүсийг сайн сайхан амьдрах зам руу хөтөлж байна гэсэн үг. Тухайлбал, хүн бясалгал хийснээр ямар ч өвчнөөс салж, эдгэрч болох нь нотлогдсон. Тэр ч байтугай сайхан сэтгэлтэй, сайн үйлс хийсэн хүний биед ямар өөрчлөлт гардгийг тархины аппаратын тусламжтайгаар судлаад буяны мялаалга эрүүл мэндийг аварч буйг эмч нар хүлээн зөвшөөрлөө.

Японы эрдэмтэн Имото Масура сайн үг хэлэхэд ус тунгалагшин цэвэршиж, хар хэл аманд үхжин талст нь эвдэрч байдгийг туршилтаар нотоллоо. Хүний биеийн 70 хувь, дэлхийн 70 хувь, эхийн хэвлийд байгаа ургийн 99 хувь, нярай хүүхдийн биеийн 90 хувь нь ус байдаг учраас хүн юу бодож, юу харж, юу хийж байна түүний хэрээр бие дэх усны бүтэц нь өөрчлөгдөж байдаг байна. Муу юм харах, бодох, хийхэд усны бүтэц, талст эвдрээд үхждэг бол сайныг бодож, сайхныг үйлдэхэд биен дэх усны бүтэц сайжран эрүүлжиж, дархлаа сэргэж байдаг нь нотлогджээ. “Ус бүгдийг ойлгодог” гэсэн бүхэл бүтэн шинжлэх ухааны хэллэг хүртэл гарсан. Ургамал ногоог шүтэж, лус савдаг хилэгнэнэ гэдэг ч шинэ нээлтүүдээр батлагдаад байна. Судлаачид ургамалтай ярьж, ойлголцож болно, ургамал хүний сайн, муу сэтгэл санааг ч ойлгодог гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Энэ бүхэн ердөө л бид өөрсдийнхөө бодол санаа, хэл яриа, явдал суудлаа хичээгээд өөрийгөө улам боловсруулж, чадваржуулаад байхад амьдралынхаа аар саар асуудлыг төвөггүй давдаг болно гэсэн үг юм. Хүн бол ердөө байгалийн амьтан. Байгалийн зохилдлогоо, жам ёсоор л бидний амьдрал хөвөрч байдаг. Байгаль дэлхийг бүтээн бий болгосон бурхны сургаалийг дагаж сэтгэлээ ариусгаж амьдрах цаг иржээ. Сэтгэлээ ариусгаад л зөв амьдарч болдог бол яагаад заавал бурхны шашинд энэ олон төрлийн бурхад, ном уншлагууд байдаг юм бол гэх асуулт эндээс урган гарна. Бурханч лам Г.Пүрэвбатаас энэ талаар тодруулсан юм.

Бурханч лам Г.Пүрэвбат: ХYН ХООЛ ИДЭЖ, УС УУН, АГААРААР АМЬСГАЛДАГ ШИГ БУРХНЫ ШАШНЫХАА YР ДYНГ YЗЭЖ ЧАДВАЛ YНЭНИЙ ШАШИН БОЛНО
- Буддын шашинд хүний сэтгэл сайхан бол сайхан амьдарна гэж сургадаг. Тэгвэл энэ олон ном, тарни, уншлага байдаг нь ямар учиртай юм бэ?

-Хүн болгоны үйлийн үр, хийдэг үйл өөр учраас нэг эцэг эхийн хүүхдүүд ч хоорондоо адилгүй байдаг. Бурхан багш хүн төрлийг олж төрсөн бүгдэд туслах гэж олон янзын арга гаргасан. Тухайн хүнд, авьяас, ааш занд нь таацуулж өөд нь татаж болох нэг арга бол гүрэм засал хийж, ном унших юм. Бид харин учир утгыг нь ойлгож хандах хэрэгтэй. Бурхны шашин хүн, амьтанд тустай дээдийн ухаан юм бол хүмүүст бодитой тусалдаг байгаасай. Хүн өлсөхөөрөө хоол идээд, цангахаараа ус уугаад, агаараар амьсгалдаг шиг бурхны шашны уламжлалыг амьдралдаа ус, агаар шиг хэрэглээ болгоод, тус эрдмийг нь бодитой аваад, үр дүнг нь алган дээрээ тавьсан юм шиг үзэж чадвал одоо үнэний шашин болно. Тэгж чадахгүй, яаж туслаад байгааг нь мэдэхгүй байж шүтнэ гэдэг мухар сүсэг юм.

- Эмчилгээний дүнд шарх эдгэрч аньдаг шиг ном уншлагын тус эрдмийг авч байгаагаа яаж мэдэх вэ?

-Тухайлбал, хийморь чинь доройтож, хийморийн сан тавилаа одоо сэргэсэн гэдэг. Гэтэл үнэхээр хийморийн сан гэж юу байдаг, үнэхээр сэргээд байгаа юм уу, ажил төрөл яаж бүтэх юм, сангийн утаа, ном хоёр надад туслаад байна уу гэдгийг ном уншуулж буй хүн мэддэггүй. Yүнийг тайлбарлаж өгье. Хүний дотор байдаг 10 зүйлийн хийн хүчээр бид ярьдаг, үздэг, хардаг, хөдөлдөг. Энэ хийг хөллөөд сэтгэл биед түгдэг. Тэгэхээр энэ дотоод хийн чадал буурахаар биед сэтгэлийн түгэх чадвар буурч, хийгээр үзэж, харж, ажилладаг эрхтнүүд муудаж, хэмнэл нь доошилж аливаа болох, бүтэхгүй доод зовлонгийн түвшинд барилддаг юм. Yүнийг хийморь үхэх гэдэг юм. Тиймээс дотоод хийн чадлыг эм ууж, мэс засал хийж бадрааж чадахгүй учраас сайхан үнэртэн буюу сайн агь, тарнийн хүчээр давтамжийг өөд нь бадраадаг. Ингэснээр хүний дотоод хийн чадал бадарч эрхтэн сайн ажиллаж, сэтгэл биед сайн хүрэхээр хийморь бадарлаа гэдэг юм.
Гэхдээ хүн буруу зүйл хийчихээд ламаар ном уншуулаад зүгээр болчихдог, муу юмыг ч бүтээх юм хийлгэх сэтгэлгээ түгээмэл байна. Энэ буруу шүтлэгийн хандлагууд газар авбал их муу юм. Бид өнөөдөр сайхан уламжлалаа орчин үеийн шинжлэх ухааны өндөр хөгжилтэй хослуулан авч явах хэрэгтэй.

-Лам хуврагуудыг мөнгө олох гэж хүмүүсийн оюун санаагаар тоглож байна гэх шүүмжлэл байна?
- Бурхны сургааль бол хүнийг гэгээрүүлэн үнэнээр хөтлөж, сэтгэлийг нь боловсруулж хөгжүүлэн, төгс гэгээрэлд хүргэх юм. Сүм хийд цэвэр эрдэм мэдлэг түгээгч учраас хүссэн хүн болгоныг гэгээрүүлэн сургадаг мэдлэг, боловсролын газар байх ёстой. Жишээ нь, Бирм улсад лам нар нь хэзээ ч аж ахуйн асуудал, мөнгө төгрөгтэй орооцолддоггүй. Сүсэгтний холбоо нь энэ бүхнийг хариуцаж, зохион байгуулаад лам нараа ард түмэндээ номоо номлох, бясалгал хийж, соён гэгээрүүлэх ажил хийхэд нь хэрэгтэй бүх зүйлээр хангадаг юм билээ. Энэ бол их зөв хувилбар. Манайд бүх зүйл нь холилдсон учраас лам нарыг дагасан элдэв хэл ам гардаг. Мөн Буддын шашныг иргэншүүлж ард түмэндээ хүргэх, амьдралын хэрэглээнд нь суулгаж өгөх шаардлагатай байна. Хүнийг бүрэн судалсан, хүнийг өндөр хөгжилд хүргэх тогтолцоотой боловсрол учраас бурхны шашин хүнийг дотроос нь засч өгдөг бол, төр гаднаас нь засах ёстой.

- Бидэнд шашнаа зөв хөгжүүлж, дэлхий нийтэд таниулах ямар арга зам байна вэ?
-Би нэг жишээ ярья. Хоёр жилийн өмнө Дэлхийн урлаг судлаачдын олон улсын хуралд Монголын сонгодог урлагийн тухай илтгэл тавиач гэж Японд намайг урьсан юм. Гэтэл тэнд “Ази дахь Түвдийн салбар урлагууд, Монгол, Бутан” гээд тавьчихсан байна. Би гайхаад лавлатал танайх Түвдээс шашнаа авсан, түвдээр номоо уншдаг, танай орон хийд түвд нэртэй, танай эрдэмтэд ч үүнийг хүлээн зөвшөөрдөг биз дээ гэнэ. Тэгэхээр нь илтгэл тавих цаг дээрээ би бол өөрийн гэсэн түүхтэй, хүн төрөлхтний түүхэнд аугаа их нөлөө үзүүлсэн Их Монгол улсын хүн. Бид өөрийн бичигтэй, хэлтэй, ёс заншилтай, шашин шүтлэгтэй, уламжлалтай ард түмэн. Аливаа улс үндэстний соёл бол тэр улсын тусгаар тогтнолын нүүр царайны хамгийн том хэв шинж байдаг. Түвд улс манайхаас 800 жилийн дараа бурхан шашинтай болсон. Тиймээс энэ нэрээ өөрчилж, надаас албан ёсоор уучлал гуйхгүй бол энэ хуралд оролцохоос татгалзаж байна. Би олон улсын хуралд урилгаар, дипломат шугамаар ирсэн учраас үүнийг асуудал болгож тавина. Монголын соёлын тухай авч хэлэлцэх гэж байгаа бол нухацтай, гүнзгий судлагдсан, бодитой баримттай зүйлсийг гаргаж тавин энэ асуудлаа нотлох хэрэгтэй гэж хэллээ. Гэтэл Япончууд чи Монголын бурхны шашныг Түвдээс өөр гэдгийг нотол” гэхээр нь “Mанай япон үсгийг хятадын ханзнаас гаралтай, үгүй бол нотол” гэж байгаатай ялгаагүй биш үү гэхэд хуралд оролцогсод бүгд алга ташаад, инээлдэж байсан. Гэтэл Бутаны төлөөлөгч босч ирээд манай соёл ч Түвдийнх биш, Монгол ламын зөв гээд хурал тарсан. Зохион байгуулагчид шуурхай хуралдан “Ази дахь шүтээн зургийн хэлбэрүүд, Монгол, Түвд, Бутан” гэж нэрээ өөрчлөөд Их монголын соёлын өмнө бид хүлцэл өчье гэж албан ёсоор уучлал гуйж, намайг хуралд оролцохыг урьсан. Энэ мэтчилэн гадныхан бидний тухай маш их буруу ойлголттой явж байна. Тиймээс бид юун түрүүнд өөрсдөө түүх, соёл, шашнаа судалж, мэдээд хүн төрөлхтөнд танилцуулах ёстой.

- Тухайлбал?
- Ном уншлагаа монгол хэлээрээ уншиж, уул овоон дээрээ ч монгол бичгээрээ бичиж, сүм хийдийнхээ хаягийг ч монголоороо нэрлэх хэрэгтэй. Гандантэгчинлэн хийдийг Төгсбаясгалант их хөлгөн хийд, Дамбадаржаалин хийдийг Шашныг бадруулагч хийд гэж монголоороо нэрлэвэл сайхан сонсогдож байгаа биз. Энэ мэтчилэн монгол сайхан зан үйл, уламжлалаа сэргээж явбал манай соёл, дэлхийд үлгэр дууриал болно. Өнөөдөр Монголын бурхны шашны, соёлын, түүхийн гээд бүх зүйлийг шинээр дэлхий дахинд танилцуулах үе эхэлж байна шүү дээ. Харин хүний сэтгэлийг тайтгаруулах, амар амгалан байлгах зорилготой бурхны шашныг туйлшруулж, хэт мухраар шүтүүлж, буруу тийш нь гуйвуулагсад сүүлийн үед олшроод байна. Хамгийн гол нь монголын ард түмэн бурхан шашин, соёлынхоо тухай мэдэхгүйгээсээ болж янз бүрийн алдаа эндэгдэлд орж байна. Энэ бүхнийг мэдүүлэхийн тухайд ажил хийгдэх ёстой.

Нийтлэл бичих шалтгаан болсон “хөхөвчтэй засал” байдаг эсэх талаар бурханч лам Г.Пүрэвбатаас асуухад “Бурхан шашны талаар ийм сайхан зүйлс ярьчихаад ийм дэмий балай юм асуух ямар шаардлага байна” гэж уурлан, хариулахаас татгалзсан юм. Харин Гандантэгчинлэн хийдийн нэрээ хэлэхийг хүсээгүй нэг лам “Би өнөөдрийг хүртэл бурхан шашны олон ном судрыг уншиж, хичээл заалгаж ирэхдээ ийм засал байдаг тухай дуулаагүй юм байна. Хүний суудлын засал, хийморь сэргээх гэж ном уншдаг болохоос дотуур хувцсанд ном уншина гэж бурхны шашинд байхгүй” гээд инээсэн юм.

XIҮ Далай багш Монголд айлчлах үеэр сүсэгтэн олонтой хийсэн уулзалтын үеэр гадаадын хүмүүсээс сэтгэгдлийг нь сонсоход “Би энэ уулзалтад оролцож далай багшийн сургаалийг сонссоноор юуны тулд амьдарч байгаа, амьдралын утга учрыг эргэцүүлэн бодоход хүрлээ. Гэхдээ хариултыг олж чадсандаа баяртай байна” гэсэн бол манайхан “Би далай багшид гэр бүлээ даатгачихлаа, одоо санаа амар байна” гэж ярьж байсан. Энэ хоёр хариултаас харахад ч Буддын шашны мөн чанар, үзэл баримтлалын тухай бидний ойлголт хэдийнэ хоцрогдсоныг харуулна.
Бичсэн: Монголхатан

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...