Монголын бөхчүүд Азийн аваргын нэг тэмцээнээс 17 алт авсан

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.
1973 онд Монголд чөлөөт, сонгомол бөхийн анхны Азийн АШТ зохиогдож, манай чөлөөтийн тамирчид 10 жинд 10 алтан медаль авч, бахдам амжилт гаргасан билээ. Тэрхүү тэмцээнд Монголын шигшээ багийг дасгалжуулж оролцсон Гавъяат дасгалжуулагч С.Магсар гуайтай ярилцав.

- Анхны ТАШТ Монголд хэрхэн зохиогдох болсон бэ?

- Чөлөөт, сонгомол бөхийг хөгжүүлэх, дэлгэрүүлэхэд дөхөм үзүүлэхийн тулд тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулъя гэсэн санаачлагыг бид дэвшүүлсэн юм. Намын Улс төрийн товчоо хамаг асуудлыг шийддэг байсан болохоор энэ талаар тусгайлан хэлэлцээд сайшаасан. Ингээд Дэлхийн бөхийн холбоо ФИЛА-д албан ёсоор хандсан. Эхлээд хүлээж авах янзгүй байсан. Гэвч бид уйгагүй хүсэлт тавьж, Азийн бөхийн үндэсний холбоод дэмжсэнээр бидний санаа 1973 оны 5-р сард хэрэгжсэн дээ. Тэмцээнд маань ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч Сингх ирж, өндөр ач холбогдол өгч байсан.
Солонгосчуудаас болоод тэмцээн зохиогдохгүй болж ч магадгүй болж байсан. Хойд Солонгосынхон Өмнөд Солонгосыг оролцуулж болохгүй гээд, Улс төрийн товчоо үгэнд нь орсон. Ер нь соц орнууд тэр үед Өмнөд Солонгосыг улс гэж үздэггүй байсан. Өмнөд Солонгосынхон биднийг оролцуулалгүй улс төрийн ялгаварлан гадуурхалт гаргавал тэмцээнийг болиулах хэрэгтэй гэж заргалдсан. Гэвч тэднийг оролцуулаагүй л дээ. Үүнээс болоод, 1974 онд Стамбулд болсон бөхийн холбооны хурлаар манайхан ихээхэн хатуу донгодуулж, торгуулах шахсан. Нэлээн учирлаж хөөцөлдөн байж, өндөр торгууль оноох гэж байсныг болиулж байлаа. Тэр хурлын зарим төлөөлөгчид Азийн анхны АШТ-ийг тооцохгүй байх хэрэгтэй ч гэж байсан юм.
Тэр ТАШТ-д Япон, Хойд Солонгос, Австрали, Филиппин зэрэг орны бөхчүүд оролцсон. Иран тэр үед социалист орнуудад их таагүй ханддаг байсан учир үзэл сурталжаад бөхөө ирүүлээгүй. Гэхдээ тивдээ манай гол өрсөлдөгч гэж болох Япон, Хойд Солонгосын бөхчүүд ирсэн болохоор ширүүн өрсөлдөөнтэй л тэмцээн болсон доо. Капиталист социалист хоёр системийнхэн хоорондоо их уралдаж, сөргөлддөг байсныг ч хэлэх үү.
- Манай шигшээг хэн хэн бүрдүүлж оролцсон бэ?
- Чөлөөт бөхийн шигшээгийн 48 кг-д О.Энхтайван, 52 кг-д Д.Ганбат, 57 кг-д М.Хойлогдорж, 62 кг-д З.Ойдов, 68 кг-д Ц.Нацагдорж, 74 кг-д М.Бат-Амгалан, 82 кг-д Т.Артаг, 90 кг-д Ж.Мөнхбат, 100 кг-д Х.Баянмөнх, +100 кг-д Ч.Адъяатөмөр нар байсан. Чөлөөтийн алтан үеийн алтан шигшээ л байлаа. Тэд маань ТАШТ-д өндөр амжилт үзүүлж, бүгд алтан медаль авсан. Энэ нь тухайн үедээ дэлхийн бөхийн ертөнцөд сенсаци болсон. Ийм амжилт өөр гарч байгаагүй.
Миний хувьд баг бүрдүүлэх, багийн уур амьсгал бий болгох, багаараа амжилтын төлөө тэмүүлдэг сэтгэлтэй болгох, багийн зүтгэл тэмцэлтэй болгоход их анхаарч ажилладаг байсан. Баг гэдэг зөвхөн хөл бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортод байдаг бус. Бөхийн спортод баг маш чухал. Багш дасгалжуулагч, тамирчин гээд л бүгдээрээ нэг амьтай, нэг гэр бүл шиг болох нь амжилт гаргахад зайлшгүй шаардлагатай байдаг. Дасгалжуулагч хүн л гэхэд багийнхаа амжилтын талаар өдрийн бодол, шөнийн зүүд л болж явах учиртай. Энэ ажилдаа л өөрийгөө зориулж байж үр дүнд хүрнэ. Бас мэдлэг, туршлагаа өөрийн улс орны төдийгүй, дэлхийн хүрээнээс авч сэлбэж, ажилдаа шинжлэх ухаанчаар, судалгаатай ханддаг болох хэрэгтэй. Хувь хүний байгалийн авъяас чадвар дээр л тулгуурлана гэвэл учир дутагдалтай. Мөн шигшээ байнгын үйл ажиллагаатай байж байж л амжилтад хүрэх учиртай. Бид нэг баг байж чадсан учраас л амжилтад хүрсэн.

Тэр тэмцээнд сонгомолын баг маань бас өндөр амжилт үзүүлсэн шүү дээ. Тэр үед манайд сонгомол бөх төдийлөн хөгжөөгүй байсан. Бид чөлөөт бөхийн нөөц бэлтгэл болгож, цээж барилдааныг сайжруулах гэж л тамирчдаа сонгомолоор барилдуулдаг байсан. Ер нь манайд сонгомол бөх дандаа л нөөц бэлтгэлийн маягаар явж ирсэн. Гэхдээ сонгомолын шигшээ багаа бүрдүүлж бэлтгээд ТАШТ-д оролцсон л доо. Сонгомолын багийн дасгалжуулагч нь Дамдиншарав байсан.
Тэгэхэд манайхан бүх жингийн финалд үлдэж, 7 алт, 2 мөнгөн медаль хүртсэн шүү дээ. 48 кг-д О.Дүгэрсүрэн алт, 52 кг-д Ж.Мөнх-Очир алт, 57 кг-д Н.Жаргалсайхан мөнгө, 62 кг-д Б.Намжим мөнгө, 74 кг-д А.Басхүү алт, 82 кг-д Т.Батчулуун алт, 90 кг-д П.Дагвасүрэн алт, 100 кг-д Х.Баянмөнх алт, +100 кг-д Ө.Эрдэнэ-Очир алтан медаль хүртсэн юм.
Эхлээд сонгомол бөхийн тэмцээн явагдаж, манай баг өндөр амжилт үзүүлэхэд бөхийн хорхойтнууд маань маш их баярлаж хөөрч байсан. Тэгтэл дараа нь чөлөөт бөхөөр бүх жинд нь алт авахад ард түмэн бүр ч их баясаж, цэнгэлийн манлайд хүрнэ гээч л болсон. Ард түмний баяр баясал хязгааргүй мэт л санагдаж байсан даа. Сонгомолд Монгол, Япон, Австрали, чөлөөтөд Монгол, Япон, БНАСАУ эхний 3 байр эзэлсэн.
Энэ тэмцээн манай бөхчүүд, спортынхны хувьд асар их урам зориг, эрч хүч, итгэл хайрлаж, хойчийн замналд нь эерэг нөлөө үзүүлсэн юм шүү дээ. Тэр итгэл, урам зориг маш чухал ач холбогдолтой байсан. Тэр л итгэл, урам зориг 80-аад оны эцэс хүртэл хадгалагдсаар байсан.
70-аад оны чөлөөтийнхөн +100 кг-аас бусад жинд өндөр амжилт үзүүлж чадсан. 48-д дэлхийн мөнгө, хүрэл, 52-д олимпийн мөнгө, хүрэл, 57-д дэлхийн 3 хүрэл, 62-д дэлхийн 2 алт, 68-д дэлхийн мөнгө, 2 хүрэл, 74-д олимпийн мөнгө, дэлхийн хүрэл, 82-д олимпийн хүрэл, дэлхийн мөнгө, 90-д олимпийн мөнгө, 100-д олимпийн мөнгө, дэлхийн алт, 2 мөнгөн медаль авч байсан. Олимп, дэлхийн медаль аваагүй бөхчүүд маань ч сайн барилдаж байсан. Д.Ганбат маань 1974 оны ДАШТ-д Ираны дэлхийн аварга бөх Алирезаг бахдам сайхнаар ялж байсан. Чөлөөт бөхөд манлайлдаг Зөвлөлтийн бөхчүүдийг манайхан мөн ч олон удаа ялж, “гай” болж байсан даа.
Тэр үед чинь баг-хамт олон-эх орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр тэмцээнд оролцдог байсан. Эх орноо гэсэн айхтар мэдрэмжтэй, олон улсын дэвжээнд гарсан бол өөрийгөө эх орноо хамгаалж буй нэгэн мэтээр төсөөлж, маш өндөр хариуцлага, ухамсар, зүтгэлтэйгээр барилддаг байж дээ. 73, 74, 75 оны ДАШТ-д манай баг 4-р байр эзэлж байсан. ДАШТ-ээс авсан манайхны 29 медалийн 14-ийг нь далаад онд авсан.
- Сая нэг сонин дээр тэр ААШТ бол албан ёсны бус гэж бичсэн байсан. Түүнийг юу гэж ойлгох вэ?
- Албан ёсны байхгүй яах юм. FILA-гийн дэд ерөнхийлөгч өндөр ач холбогдол өгч өөрөө ирж нээсэн, хамаг юм нь ёсоороо болсон тэмцээн. Өмнөд Солонгосыг оролцуулаагүй болохоор сүүлд нь хэл ам гарсан. Гэхдээ зөвхөн Өмнөд Солонгосоос болоод, бусад орныг нь үгүйсгэнэ гэж байхгүй шүү дээ. Тэр үед тухайн зохион байгуулагч орон өөрийн үзэмжээр заримыг нь оролцуулдаггүй явдал цөөнгүй гардаг байсан. Тийм болохоор Өмнөд Солонгосыг оролцуулаагүй болохоор тооцохгүй гээгүй, торгоно л гэсэн. Тэрийг нь хөөцөлдөж байж болиулсан. Албан ёсны тэмцээн мөн гэдгийг баталгаатай хэлж чадах байна.
Монголчуудыгаа аль болох доош нь хийж, ололт амжилтыг нь үгүйсгэж, ингэснээрээ өөрөө нэг их сүрхий амьтан болчихож байгаа юм шиг санаж явдаг гаж хүмүүс олон болж. Тиймэрхүү улс олшроод байвал улс орон өөдлөхгүй.
- Чөлөөт бөх сөнөлөө гээд л сонин хэвлэлээр их шуугисан даа…

- Спортын амжилт, уналт олон зүйлээс шалтгаалдаг. Манайхан нэг тэмцээний амжилт, нэг дасгалжуулагч, нэг тамирчинтай холбоод л яаран дүгнэлт хийх гэдэг. Ноднин чөлөөтийн шигшээ 2 хүрэлтэй ирсэн. Тэгэхэд чөлөөт бөх сэргэн мандлаа гээд л шуугиад байсан. Тэр шигшээ чинь одоо байж л байгаа шүү дээ. Ноднин Өсөхбаяр гавъяа байгууллаа гээд л шуугисан, гэтэл тэр үед Өсөхбаяр ажлаа аваад удаагүй байсан. Энэ жил болохоор Өсөхбаяр чөлөөт бөхийг сөнөөлөө л гэж байна. Ер нь бол бусдыг үгэндээ оруулж чадах “нударгатай” хүн хэрэгтэй шиг байгаа юм. Зөвхөн дасгалжуулагчийг халж сольсноор хамаг юм бүтдэггүй. Цогц бодлого явуулах хэрэгтэй.
Миний үед шигшээ жилийн 12 сарын 10-д нь хамт байж бэлтгэлээ хийдэг байсан. Одоо тэр нөхцөл байдал алга байна. Зөв бодлоготойгоор хандахгүй, тийм ийм медаль авбал төдөн сая төгрөг өгнө гэж амлаад л, хэн нэгнээр хөлсний ажил хийлгэх гэж байгаа юм шиг, наймаа хийж байгаа юм шиг ханддаг. Ингэхээр чинь спортын утга учир алдагдчихаж байгаа юм. Амжилтын үнэ цэнэ, эх орны нэр төрийг өсгөх биш, бууруулж байгаа байхгүй юу. Спортод дур сонирхолтой болгох, эх орны нэр төрийг хүндэтгэдэг болгох, спортоор хичээллэх нөхцөл бололцоог нь бүрдүүлэх бодлого явуулж байж, амжилт гаргасных нь дараа шагнал урамшлын талаар ярих хэрэгтэй. Эх оронч хүмүүжил тамирчин хүнд маш чухал юм шүү. Ямар ч оронд тамирчнаа эх оронч хүмүүжлээр бараг үзэл сурталын хэмжээнд боловсруулж бэлтгэсэн байгаа нь ажиглагддаг. Тэгж чадаагүй бол тухайн шигшээгийн амжилтад сөргөөр нөлөөлж байгаа нь харагддаг.
Дасгалжуулалт гэдэг бол шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухааныг хэр эзэмшсэнээс дасгалжуулагчийн ур чадвар шууд шалтгаалдаг. Гэтэл энэ асуудалд шинжлэх ухаанч бусаар хандаж, гайгүй барилдаад байгаа хүнийг дасгалжуулагчаар тавьчихвал болоод явчих юм шиг хандах боллоо. Барилдах, дасгалжуулах хоёр чинь өөр зүйл байхгүй юу. Тиймгүйсэн бол дасгалжуулагч гэж байх хэрэггүй шүү дээ.
1997 онд шигшээг тараачихаж л байсан. Бодлогын уналт, мөхөл гэж энэ шүү дээ. Спортын байгууллагуудын чухал албан тушаалуудад мэдлэг боловсролоор биш, арга заль, албан тушаал, ашиг хонжооны сонирхлоор нь шалгаруулж спортод хаа хамаагүй хүмүүсийг тавиад байхаар тэд ямар бодлого явуулах вэ дээ. Тэр улсууд нь спорт хөгжиж байна гээд л рапортлоод байдаг.
Шигшээгээ тараачихаад 2000 онд олимпиадад орсон чинь манай олимпийн баг 150-р байранд орсон. Чөлөөт бөхийн шагналт байр нь сэргээшийн асуудлаас болоод тооцогдохгүй болчихсон. Манай олимпийн баг 68 онд 27, 72 онд 36, 76 онд 35, 80 онд 22, 88 онд 47, 92 онд 48, 96 онд 71-р байр эзэлж байсан. 2000 онд 150-р байр эзэллээ ш дээ. Үүний дараа Афины олимпод бэлтгэх хороо байгуулаад, намайг шигшээгийн даргаар тавьж, амлалт үүрэг авахууллаа л даа. Би ч Афины олимпоос нэг медаль авч, 71-р байрт орох амжилт гаргуулъя гэсэн. Тэгээд хэлсэндээ хүрсэн. Уг нь Наранбаатар, Пүрэвбаатар, Гүндэгмаа гээд л бусад тамирчид ч медаль авч болохоор л байсан л даа.

Олимпийн дараа одоо эдний хэрэг гүйцлээ гэсэн шиг л бүгдийг нь ажлаас халж өөрчлөөд л, намайг тэтгэвэрт гаргаж байж санаа амарцгаалаа. Саяхан “Монголын төрийн дууллыг олимпийн тэнгэрт эгшиглүүлье” гээд л лоозогноод унасан, сүрхий ажил зохиох нь уу гэсэн чинь мөнгө л гуйж байгаа юм байна билээ. Нөгөө л спортыг дампууруулсан хуучин сэтгэлгээ нь л байна шүү дээ. Сэтгэлгээ нь хуучнаараа байж, мөнгөний сэтгэлгээтэй байж яаж урьд өмнө байгаагүй өндөр амжилт үзүүлэх юм бэ. Ганди гэдэг хүн баахан пионерийн удирдагч, шугам зургийн багш нарыг спортын байгууллагад томилоод л байсан. Гэтэл санхүүгийн албаны дарга байсан хүн нь хамаг санхүүгийн бичиг баримтыг нь үгүй хийгээд, эд мөрийн баримтаа ул мөргүй болгочихоод л явчихсан байгаа байхгүй юу.
70-аад онд чинь 1979 онд л ДАШТ-ээс медальгүй ирж байсан. Бэлтгэл, дасгалжуулалт, эх оронч хүмүүжил, баг бүрдэлт нь байсан болохоор дэлхийн аваргаас хэд хэдэн медальтай ирэх л хандлагатай байлаа шүү дээ. 70-аад онд чөлөөт бөхийнхөн дэлхийгээс 3 алт, 4 мөнгө, 7 хүрэл авчирсан. Эмэгтэй бөх гэж буй болсон юм чинь одоо бол манайхан бараг л медалийнхаа тоог 2 дахин нэмэгдүүлчих ёстой мэт. Гэтэл бодлого алдагдсан 90-ээд онд дэлхийгээс 2 хүрэл л авсан. 2000-аад онд бодлого явуулах гэж нэг үзээд, нэг болиод байсаар байтал 2010-аад он ойртчихлоо. Дасгалжуулагчийн ажлыг дасгалжуулагч биш хүн л хийх ёстой мэт хандаад л, мөнгө төгрөгний ажил хийгээд л явж байна ш дээ.
- Олон улсын тэмцээнд бага оролцдог, хангамж муу байдаг зэрэг нь амжилтад их сөргөөр нөлөөлдөг гэлцэх юм…
- Зөв зүйтэй бэлтгэл, шинжлэх ухаан-судалгааны үндэстэй дасгалжуулалт, эх оронч хүмүүжил, багийн сэтгэлгээний тал дээр оночтой бодлоготойгоор хандвал манай бөхчүүдэд амжилт гаргах ирээдүй бий. Тэдгээр нь байхгүй бол хичнээн тансаг хангамж байгаад ч хэрэггүй. Тамирчин хүн эрхийг сурахаар бэрхийг сурах ёстой. Олон улсын тэмцээнд олон цөөн явах нь амжилтад шууд нөлөөлдөггүй. Сайн бэлтгэгдээгүй тамирчныг элдэв тэмцээнд оролцуулбал харин ч зүрхийг нь үхүүлчихдэг тал бий. Сайн бөхчүүд олимп, дэлхийн тэмцээнээс бусдад бараг оролцдоггүй жишээ бий шүү дээ. 73 оны Азийн АШТ-д оролцсон олон бөхчүүд маань урьд нь олон улсын тэмцээний туршлагагүй байсан. Гэтэл бүгдээрээ буюу 19 хүн медаль авсан.
- Хүмүүс тамирчдын олхиогүй байдлыг хараад “Бушуухан уначихаад наймаагаа хийе гэдэг юм гэнэ лээ” гэж ч ярилцах болсон…
- Эх оронч сэтгэл, сэтгэх чадвар, зориг мөн ч их дутаж байна даа. Урьд бол бэртсэн ч барилддаг, түрүүлдэг байсан. Хоол унд, хангамж муу байна гэж гомдоллодог бол арчаагүй хүний шинж. Судсаар нь гомдол биш, ялан дийлэх эрмэлзэл гүйх ёстой. Хоол ундгүй Куба, Хойд Солонгос, Энэтхэгийн бөхчүүд амжилт үзүүлээд болоод л байна. Урьд 1 оростой барилддаг байсан, одоо 15 оростой барилддаг болсон гэдэг оргүй худал. ОХУ-аас бусдад нь бөхийн школ унасан, Орост ч сулраад, жижигхэн Осетоос нь л бөх гардаг болж. Бид урьд Зөвлөлтөд болдог олон тэмцээнд оролцдог байсан, ёстой арав хорин “оросыг” нь ялаад л медаль авдаг байсан. Саяын ДАШТ-д гүржийн бөх Гогшелизе алтан медалийн төлөө эцсийн хүчээ шавхагдтал барилдаад өндийх ч тэнхэлгүй болсон. Тэгж л тэмцэлдэх ёстой. Иван Ярыгиний нэг тэмцээнд оросын Курамагомедов ялагдлаа зөвшөөрөхгүй удтал дэвжээн дээр зогссон. Гэтэл Оросын бөхийн холбоо шууд түүнийг тэмцээнд оролцохгүй болгосон. Тэгээд “Бид 1 медалиар дутахгүй, харин сахилга бат илүү чухал” гэсэн. Тамирчдыг ингэж л сахилга баттай болгох хэрэгтэй. Энэ мэтчилэн гадныхнаас сайныг суралцах ёстой. Түүнээс биш, тэр орны тамирчин өчнөөн төгрөгтэй байна, надад төдийг өг, энэ орны тамирчин төчнөөн хоол идсэн, надад тэр нь дутагдсан гээд байж болохгүй. Тамирчин хүн эрхийг сурахаар, бэрхийг сурах учиртай.
- Та бөхийн болон бусад спортын талаар маш их баримт материал цуглуулж, тэдгээрийгээ системчилж, хүснэгтжүүлж, диаграммчлан цэгцэлсэн байх юм. Бараг спортын түүхийн хичээл болгоод заачихмаар харагдана…
- Үүнийг ойшоох учиртай улсууд нь тоодоггүй л юм шүү дээ. Намайг баримт судалгаа ярихаар түвэгшээдэг “мундаг” улс зөндөө бий. Гэхдээ би амьдралынхаа 40 жилийг бөхийн спорттой холбосон хүний хувьд судалсан, цуглуулсан зүйлс дээрээ тулгуурлан ном бичиж байгаа. Энэ ажлынхаа 30%-ийг амжуулаад байна.

- Таны хэлмэгдэж явсан түүхээс сонирхож болох уу?

- Тэр хар бараан үеийг яриад яах вэ.

Ингээд бид хоёрын яриа өндөрлөлөө. Магсар гуай надад олон баримт материал үзүүлж, их л идэвхийлэн ярьж байсан тул үгийг нь гүйцэж тэмдэглэхэд бэрхтэй байлаа. Манай юугаар ч дутаагүй нэгэн нэртэй том бөхийн Ю.Цэдэнбалд хандан бичиж, С.Магсар гуай нарыг үндсэрхэг үзэлтэй гэж матсан мэдээлэл харагдахад сонирхон үзэх гэвэл, тэрбээр дургүйлхэн, уг мэдээлэл бүхий хавтсыг яаран хаав. Харин бөхчүүдийн маань ололт амжилтыг харуулсан зургуудыг дуртайяа үзүүлж, нийтлэхэд зориулан харамгүй өгч байв. Хар барааныг бус, гэрэл гэгээтэйг дурсах дуртай гавъяат дасгалжуулагч маань ясны сэхээтэн хүний ухаанаар дээд зэргийн нямбай цэгцлэгдсэн материалуудаа үзэн номынхоо ажлыг хийсээр үлдлээ.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...