Гадаадад байгаа Монголчууд яагаад сонгуульд оролцох эрхтэй гэж ...


Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.

Ардчилсан нийгмийн гол түлхүүр нь төр засгаа нээлттэй сонгох иргэдийн боломж буюу сонгууль юм. Иргэд өөрийн хүсэл зоригийн дагуу, төр засагт өөрийг нь төлөөлж, эрх ашгийг нь тууштай хамгаалж чадах албан тушаалтанг шударга бөгөөд чөлөөт байдлаар сонгож чадаж байвал энэ нь жинхэнэ ардчилсан сонгууль болно.

Сонгуулийн гол зорилго нь нэг талаар иргэд сонгогчид төрийн үйл хэрэгт төлөөллөөрөө дамжуулан оролцох явдлыг хангах, нөгөө талаар ард түмнээс төрийн албан тушаалтнуудад хяналт тавих, шаардлагатай үед хариуцлага тооцох, төлөөллийн байгууллагад салхи оруулах, ямар ч халаа сэлгээгүй, албан тушаалд насаараа залрах боломжийг хязгаарлахад оршдог.

Ардчилсан сонгууль нь өргөн олныг хамарсан, бүх нийтийн шинжтэй байна. Энэ нь сонгуулийн насанд хүрсэн иргэд ямар нэг хязгаарлалтгүйгээр сонгуульд чөлөөтэй оролцох эрхээр хангагдсан байхыг ойлгодог.

Олон улсын эрх зүйн хүрээнд буюу Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр улс орноо удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй” гэж заасан бол Монгол Улсын Үндсэн хуульд “... шууд буюу тєлєєлєгчдийн байгууллагаараа уламжлан тєрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно.” хэмээн Монгол Улсын иргэдийн сонгуулийн эрхийг баталгаажуулсан байдаг.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын сонгуулийн насны бүх иргэд дээрх эрхээ эдэлж чадаж байна уу гэдэг асуудал урган гарч байна. Харамсалтай нь Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоог сонгосноос хойш хилийн чанадад ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчууд маань Үндсэн хуулиар олгогдсон сонгуулийн эрхээ эдэлж чадахгүй байсаар даруй 20 жилийг үдлээ.

Хэдийгээр гадаадад байгаа иргэдийнхээ сонгуулийн эрхийг хангах нь аль ч улс орны хувьд бэрхшээлтэй асуудал боловч дэлхийн ихэнх улс орнууд энэхүү асуудлаа шийдвэрлэж ирсэн. Тухайлбал аль 1918 оноос Их Британи, Бельги, 1970-аад оноос АНУ, Канад, Испани, 1979 онд Тунис, 1989 онд Исланд, 1991 онд Швейцар зэрэг улсууд дээрх алхмыг хийсэн бөгөөд улмаар бидэнтэй адил социалист лагерийн улс хэмээн цоллогдож байсан зүүн европын улс орнууд болон хойд хөрш ОХУ маань ч хилийн чанадад амьдардаг иргэдийнхээ сонгуулийн эрхийг баталгаажуулж, түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлж чадсан юм. Мөн олон жил дотоод, гадаадын дайн самуунд өртсөн Афганистан, Иракууд хүртэл гадаадад байгаа иргэдийгээ улс төрийн сонгуульдаа оролцуулдаг боллоо.

2005 онд гадаадад амьдарч байсан монголчууд, тэднийг эгнээндээ нэгтгэсэн Цахим өртөө сүлжээний гишүүдийн санаачилга, идэвх зүтгэл болон тухайн үеийн УИХ-аас байгуулсан сонгуулийн хуулийг боловсронгуй болгох ажлын хэсгийн хамтын ажиллагааны үр дүнд 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль шинэчлэгдэн батлагдахад уг хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох эрхтэй", 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална" хэмээн заагдсанаар хилийн чанадад амьдарч байгаа Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгуулийн эрх баталгаажсан билээ.

Харамсалтай нь тухайн үеийн Сонгуулийн Ерөнхий Хороо нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, үл тоомсорлож явсны балгаар 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр гадаадад буй Монгол иргэдийн сонгуулийн эрхийг баталгаажуулсан заалтыг хүчингүй болгосон юм. Хэдийгээр СЕХ өөрийн үүргээ биелүүлээгүй ч гэсэн хилийн чанад дахь элэг нэгт монголчуудынхаа Үндсэн хуулиар олгогдсон сонгуулийн эрхийг хангахад тухайн үеийн хууль тогтоогчдын иргэний зориг, зүрх сэтгэл, хүчин чармайлт дутсан гэж хэлж болно.

Монгол улсын хүн ам 2009 оны урьдчилсан дүнгээр 2 736 800-гаар тоологдох боллоо. 2008 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд санал өгөх нэрсийн жагсаалтанд 1 542 617 сонгогч, 2009 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд 1 493 217 сонгогч нэрээ бичүүлсэн байна. Харин өнөөдөр гадаадын олон арван улс оронд Монгол улсын сонгуулийн насны 200 000 орчим иргэд сурч, ажиллаж амьдарч буй гэсэн албан бус тоо бий.

Дээр дурдсан нэрийн жагсаалтанд бичигдсэн сонгогчийн тоотой гадаадад байгаа Монголчуудын тоог харьцуулахад тэд нийт сонгогчдын 13-15%-ыг бүрдүүлж байгаа юм. Монголын дундаж ба түүнээс дээш давхаргын, голцуу дээд боловсролтой, оюунлаг иргэдээс бүрдсэн энэ бүлэг хүмүүс өнөөдрийг хүртэл Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй явна.

Уншигчдад ойлгомжтой болгох үүднээс ганц хоёр жишээ авъя. 2008 оны УИХ-ын сонгуулийн хамгийн том тойрог болох Баянзүрх, Налайх дүүргийг оролцуулсан сонгуулийн 22-р тойрог нийт 158 467 сонгогчтой бол аймгуудаас хамгийн их хүнтэй Хөвсгөл аймаг гэхэд 74 668 сонгогчтой бөгөөд тус бүр УИХ-д 4 төлөөлөлтэй. Энэ тооноос үзвэл хилийн чанадад амьдарч байгаа Монголчууд маань багаар бодоход УИХ-д 4 төлөөллийг өөрсдийнхөө өмнөөс сонгон, эрх ашгаа хамгаалуулах эрхтэй гэж үзэж болохоор байна.

Гадаадад байгаа иргэдийн сонгуулийн эрхийг баталгаажуулах явдлыг эрх мэдэлтнүүд хэд хэдэн үндэслэлээр боломжгүй гэж үзэн дараах тайлбаруудыг хийсээр өдийг хүрсэн. Тэд хөрөнгө санхүүгийн асуудал, иргэний нэгдсэн бүртгэлгүй тухай, техник технологийн дэвшлийг яаж ашиглах нь тодорхойгүй, эрх зүйн орчин хангалтгүй гэсэн тайлбар хэлдэг.

Хөрөнгө санхүүгийн асуудлын хувьд мэдээж гадаадад байгаа иргэдийг сонгуульд оролцуулахын тулд төрөөс хөрөнгө мөнгө гаргах нь тодорхой. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө СЕХ-ны дарга асан Баттулга гэгч нөхөр гадаадад байгаа монголчуудын саналыг авахад 4-5 тэрбум төгрөг шаардлагатай гэж хэлж байсан юм. Тэгвэл өнөөдөр Монгол улсын эдийн засаг, төсөв ямар болсон билээ, УИХ-ын эрхэм гишүүд гэхэд л тойрогтоо гэдэг нэрийн дор тэрбум, тэрбумаар нь хуваарилуулж, ямаанд гэхэд 30 тэрбумыг өгч чадаж байгаа юм чинь энэ хөрөнгө мөнгөний асуудал нэг их толгой өвтгөхөө больсон болов уу.

Ер нь төрийн мөнгө гэж юу байхав, бүгд л татвар төлөгчдийн мөнгө. Хилийн чанадад амьдарч байгаа элэг нэгтнүүд маань Монгол улсын эдийн засагт маш том дэмжлэг үзүүлж байдаг. Тэд нэг сард л гэхэд 10 гаруй сая долларыг эх орон руугаа, эцэг эх, үр хүүхдэдээ явуулдаг гэсэн албан бус тоо байна. Энэ мөнгө бол ямар ч алба тушаалтны ар өврийн хаалга, авлига, хээл хахуулийн дамжлагагүйгээр иргэдэд шууд очиж тэдний ахуй амьдралыг тэтгэж явдаг бөгөөд тэр хэмжээгээрээ манай улсын эдийн засгийн эргэлтэнд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа. Улаанбаатараар дүүрэн хөлхөлдөх хагас сая автомашин, гишгэх газаргүй баригдсан орон сууцууд, арилжааны хэдэн банкны амин сүнс болсон хадгаламж энэ бүхэн гадаадад байгаа иргэдийн маань хөлс хүчээр бүтсэн гэдэгтэй хүн бүр санал нийлэх нь лавтай. Түүнчлэн энэ олон тэтгэврийн хөгшид мах, сүүнийхээ мөнгөтэй золгож, тэр олон хүүхдүүд гадаад хэлний сургалттай төлбөртэй цэцэрлэг, сургуульд суралцаж, хэдэн зуун мянган оюутнууд сургалтын төлбөрөө яаж төлж чаддаг гэж бодож байна. Энэ бүгдэд төрөөс олгодог тэтгэвэр, тэтгэмжийн хэдэн бор төгрөг хүрнэ гэж үү. Яг үнэндээ Монголын өрх бүрээс хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа тэр иргэд маань хөлс хөдөлмөрөө шавхан, өөрөөсөө харамлан байж хураасан хэдэн ногооноороо энэ бүх төлбөрийг хийдэг юм.

Нөгөө нэг байнга эрх мэдэлтнүүдийн тайлбар тавьдаг зүйл бол гадаад улс орнуудад байгаа монголчууд иргэний нэгдсэн бүртгэлгүй, ихэнх нь хууль бусаар буюу хараар амьдардаг тухай асуудал. Иргэний нэгдсэн бүртгэлийн тухайд татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн байгууллага, албан хаагчдын хийх ёстой ажил байх. Харин гадаадад хууль бусаар амьдарч байгаа нь зөвхөн тухайн улс орны цагаачлалын болон бусад хууль тогтоомжийг зөрчиж байгаа явдал болохоос Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхээ хасуулах эрх зүйн үр дагавартай үйлдэл биш. Бусад улс орны туршлагаас харахад гол төлөв өөрийн эх орондоо бүртгүүлсэн оршин суух хаягаар нь сонгох эрхийг олгодог байх жишээтэй.

Бас нэг асуудал бол санал хураалтыг яаж авах, түүнд орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг ашиглах явдал. Сонгуулийн саналыг хураах үндсэн гурван арга байгаа нь шуудан, ЭСЯ, консулын газар биеэр очиж өгөх, цахим технологи ашиглах буюу энэ гурван аргыг ухаалгаар хослуулах явдал юм. Хамгийн чухал зүйл бол сонгуулийн булхай луйврын асуудал байгаа тул аль болохоор сонгогч бүрийн өгсөн саналыг шударгаар тооцож болох тэр хувилбарыг нь сайтар судалж, хуулиар баталгаажуулах шаардлагатай. Энэхүү үйл ажиллагааг гадаад улс орнуудад суугаа Монгол улсын элчин сайдын яам, консулын газрууд болон тухайн улс орон дахь монгол иргэдийг нэгтгэсэн холбоод, төрийн бус байгууллагын оролцоотойгоор зохион байгуулж болно.

Эрх зүйн орчны хувьд юуны түрүүнд Үндсэн хуулиндаа нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд гадаадад байгаа монголчуудыг саналын эрхийг сонгуулийн ямар ч тогтолцооноос үл хамаарч дахин хуульчлах ёстой. Үүний дараа холбогдох бусад хуулиудад тухайлбал иргэний бүртгэлийн тухай, харьяатын тухай хуулиудад өөрчлөлт оруулж болно. Харин өнгөрсөн удаа их хурлын сонгуулийн хуулинд гадаадад байгаа монголчуудын сонгуулийн эрхийг баталгаажуулахдаа хэрхэн яаж саналыг нь авах талаар тодорхой зааж өгөлгүй, СЕХ-нд журам гаргахыг даалгаснаар нөгөө ухаангүй ноёнд урагшгүй албат гэдгийн үлгэрээр аль ч үгүй хоосон хоцорсноо бүү мартаасай.

Судлаачийн хувьд нэг зүйлийг хэлэхэд хилийн чанадад байгаа монголчуудын саналыг баталгаажуулах явдал нь сонгуулийн тогтолцооноос хамаарах боломжтой гэдгийг дурдалгүй өнгөрч болохгүй. Олонхийн буюу сонгуулийн мажоритар тогтолцооны хувьд сонгуулийн тойрог байгуулах, нэр дэвшүүлэх, сонгуулийн сурталчилгаа зэрэг асуудлуудаас хамаарч гадаадад байгаа иргэдийнхээ сонгуулийн эрхийг зохицуулахад нэлээд бэрхшээлтэй байдаг. Харин сонгуулийн хувь тэнцүүлэх буюу пропорциональ тогтолцооны хувьд гол төлөв сонгогч хүний төлөө бус улс төрийн нам, түүний мөрийн хөтөлбөрт нь саналаа өгдөг болохоор гадаадад байгаа иргэдээ улс төрийн сонгуульд хамруулахад арай илүү дөхөмтэй.

Эцэст нь гадаад улс орнуудад амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд маань Монгол Улсын эдийн засаг болон боловсрол соёл, шинжлэх ухаан, урлаг спортын салбарт бодитой дэмжлэг үзүүлэн, голлох үүрэг гүйцэтгэж байгаа гэдэгтэй хэн ч маргах аргагүй билээ. Тэд Монгол Улсынхаа нэр хүндийг далайн чанадад цууриатуулж, монголын түүх, соёл урлагийн гайхамшигтай өвийг дэлхийн дахинаа таниулж яваа. Тэд ходоодоороо бус сэтгэл зүрхээрээ сонголтоо хийдэг оюунлаг сонгогчид. Тэгвэл энэ олон боловсролтой, улс төрийн соёлтой, ухаалаг, нийгмийн идэвх сайтай сонгогчдын санал орхигдох учиргүй. Үүнийг шийдвэрлэхэд тийм хэцүү, бас бүтэшгүй ч асуудал биш, энд зөвхөн хууль санаачлагчид болон хууль тогтоогчдын маань сэтгэл л дутаж байгаа бөгөөд сонгуулийн хуулийг өөрсдийгөө яаж дахин сонгогдох талаар бус харин сонгогч түмний эрх ашгийг хамгаалсан хууль гэсэн өнцгөөс нь харахад л болчих зүйл билээ.

Э.Батбаяр
Цахим Өртөө Холбоо,

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...