Захидал: Сайн байна уу. Ээжээ


Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.



Сайн байна уу. Ээжээ яагаад ч юм өнөөдөр хүү нь Таньдаа захидал бичмээр санагдлаа. Та минь яваад олон жил болж байна даа. Хэлэлгүйгээр яваад өгсөн. Таньд хүү нь гомдоогүй ээ ээжээ.... Бодвол та минь Аавтай минь бас Эмээтэй минь уулзсан биз дээ. Таны тэнгэрт халисан өдөр саяхан юм шиг л тод санагдаж байна. Чихэндээ итгээгүй, таныг диваажингийн орныг зорьсон гэхэд энэ бүхэн зүүд минь байгаасай гэж хичнээн хүсэж байсан ч жамын юм жамаараа миний амьдралд даанч дэндүү эрт айлчилсан даа. Ээж таныгаа таалал болсоны дараа хүн болгон таньтай минь адилхан санагддаг юм билээ. Гандан дээр ном уншуулаад явж байхад та минь явж байх юм. Үгүй энэ Ээж энд юу хийж яваа юм бол гээд урдаас нь очтол танихгүй эгч угтан гайхсан нүдээр намайг ширтсэн. Сэтгэл дотор минь бачуурч хоолой зангирч би андуурсанаа мэдэж. Хүний хорвоод торойж үлдсэнээ урсах нулимс, зангирах хоолой, чичирсэн зүрхтэйгээ хамт мэдэрсэн.
Гомдож,туних, сэтгэлээр ядрахдаа таныгаа хүү нь бүр их санадаг. Алдаж,гэндэж, уруудаж буруудаж явхад минь Ээж маань та л уучилдаг байсан. Үрээн гэсэн эхийн сэтгэлээр та л бүгдийг нь уучилдаг байсан. Сэтгэл дотор минь таны гэсэн орон зай онгойсоор л байна. Хэзээ ч битүүрэхгүй бизээ. Ээжээ.. Хүү чинь одоо Их Британи улсад байгаа. Энэ орон Монголоос минь холоо. Харин таны минь байгаа диваажингаас хэр зайтайг нь Хүү нь мэдэхгүй юм. Сэтгэлд минь таныгаа бодох бодлийн хэлхээ улам бүр хэлхэгддэг юм. Таныг байхад сайхан байж дээ. Халуурах юм бол миний Хүү өвөрт унт Ээж нь тэвэрээд халуунийг чинь авчий гэдэгсэн. Ээжийхээ элгэнд тэвэрлүүлээд унтаж байх тэр агшин хэзээ ч дахин ирэхгүй дээ. Харин хүү нь таныгаа халууч бүлээрхэд нь элгэндээ нэг ч болов тэвэрч үзсэн үү. Харуусал гэдэг оройтол.... Үрээн гэсэн гэгээн, агуу бурхан сэтгэл зовхон Ээж танаас л гардаг шүү дээ. Хойт насны амьдрал бий гэдэгт итгэж явдаг. Таныгаа гомдоож явсан бол уучлаарай гэж Хүү нь сэтгэлдээ шивнэдэг.

Цаг хугацаа гэдэг харавсан сум шиг л өнгөрөх юм. Нэг л мэдэхэд хүний газар амьдарсаар үд хэвийх насандаа оччихсон оргил дээрээс бүхнийг дурандах мэт туулсан амьдрал, алдаа оноогоо цэгнэн суух дуртай болсон мэт санагдана. Өнгөрсөнөө дурсан санаж бага нас, сурагч ахуй, оюутан цаг Хүний газрын хатуу,зөөлөн амьдралд сурч боловсорч байсан гээд л цээжний гүн дэх хамгийн нандин хуудаснууд нэг нэгээр сөхөгдөн баяртай бас харуусан зүрх шимшрэм түмэн учирлын мянган дурсамжийг сэргээнэ. Бодол бодлын дунд бас нэгэн ариухнаас ариун их хайр их энэрлийн гайхамшигт биелэл газар дээрх ганцхан амьд бурхан Ээж таныгаа мянган буян амлаад ч эргүүлж болдоггүй хорвоогийн хатуу хясланд хүү нь таныгаа алдсан. Ээжийхээ тухай зүүдлээд зүүдлээд эс ханах, бодоод бодоод эс уйдах ёстой л хайр амтагдсан нандин дурсамж байх юмдаа. Би мэдээ орсон цагаасаа л Ээжийгээ нэгэн их ер бусын хайраар хайрлаж түүнийгээ Ээжтэйгээ мөнхөд хамт байхыг хүсэх халуун хүсэл хаа нэгэн тийш нь алдчих вий гэж ямар ч учиртайг нь ч үл мэдэх нэгэн харанхуй айдастай хамт ээж өссөн. Жаахан байхад хэн нэгний ээж нь нас барчихжээ гэдгийг сонсоод орондоо сэмхэн уйлж байн байн ээжийхээ зөөлөн амьсглахыг чагнаад миний ээжид л лав ийм юм тохиолдохгүй гэж бараг л бурхантай ч үзэлцэхэд бэлэн бор зүрхээ булиглуулан хэвтдэг байж билээ. Хоног, өдөр өнгөрч нэг л мэдэхэд хүсээгүй тавилан хүзүүгээр минь татаж Хүний орчлонгоос Ээж минь буцсаар олон жил болжээ. Цаг хугацаа зүрхний эм гэдэг. Ямар ч гашуун зовлонг мартуулан эдгээгч увдистай гэдэг. Харин тэнгэрт одсон Аавыг минь Ээжийг минь мартуулах ямар ч эм ямар ч хүчин энэ ертөнцөд байхгүй байхаа. Монголын нэгэн сайхан хүү төрүүлж өсгөсөн энэ буянтай Монгол Аав,ээждээ Хүний хорвоод үзэж болох хамаг сайхан жаргалыг дүүрэн эдэлж яваарай гэж ерөөнөм.


Таныгаа хүндэтгэсэн хүү Буянбатаас нь...

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...