Орой халуун ам бүлээрээ цуглараад хоймроор нэг зулаад унтана




Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.


Хичээлийнхээ хувцасыг ч сольж амжаагүй усанд явах даалгавар авсан бололтой 14 орчим насны хүү 30 литрийн цэнхэр савтай ус тэрэг хоёроо худагаас холгүйхэн хашааны буланд тавьчихаад үеийнхэнтэйгээ барилдаж ноцолдоод ухаан алга. Худагийн хажуугийн хүнсний дэлгүүрээс талх, угаалгын нунтаг аваад буцаж яваа бололтгой нэгэн эмэгтэй өнөөх хүүгээс ээж нь байгаа эсэхийг лавлав. Хүүтэй хэдэн үг солиод эргэсэн эмэгтэй замын ховил дээр хариугүй хальтирч унах шахав. Зарим айлууд угаадсаа хамаагүй асгадаг нь үнэн бололтой. Энүүгээр яг л ус асгаад хөлдөөчихсөн мэт мөс болсон хальтиргаатай замтай юм. Худаг дээр хэзээ бүтэж усаа авна даа гэмээр урт дараалал үүсчээ. Халуун ус хананаасаа авч халаагуур бараадаж дулаацдаггүй эдгээр айлууд даарч хөрөн дараалалд зогсч авсан усаа аль болох гамнаж хэрэглэхийг хичээнэ. Эгэл борхон амьдрал буцлах энэ гудамжаар алхлаа. Би эндээс “Эгэл амьдрал” булангынхаа зочинг олох учиртай юм.

Чингэлтэй дүүргийн есдүгээр хороо Дэнжийн 22 дугаар гудамжнаас зорьсон айлаа оллоо. Эдний амьдардаг хашаа саруулхан агаад дотроо гурван айлыг багтаажээ. Энэ айлд шулуухан яваад орно гэвэл санасны гарз хаалганы цаанаас цухуйв уу үгүй юу уяан дээрээ цовхрон боргох үнэнч манаачийн сүртэй гэж жигтэйхэн. Уяа нь арай тасарчихгүй байгаа хэмээн айж бэргэсээр зүүн талъш гэрт оров. Энэ айлын эзнийг Ц.Хасбаатар, гэргийг нь Н.Баярмаа гэнэ. Одоогоос зургаан жилийн тэртээ орон нутгаас үр хүүхдээ сургуулийн бараа харуулж, амьдралаа дээшлүүлэхээр нийслэлийг зорьжээ. Биднийг очиход гэрийн эзэн ажилдаа явчихсан эзгүй байв. Ингээд эхнэр Н.Баярмаа эгэл амьдралынхаа талаар өгүүлсэн юм. Ц.Хасбаатарынх нэг хүү, хоёр охинтой ажээ. Хөдөөнөөс хамаатных нь хоёр оюутан мөн эднийд суудаг аж. Ингээд эднийх илүү ч үгүй дутуу ч үгүй долуулаа таван ханатай гэртээ амьдарна. Ээж аав хоёр нь хувиараа барилгын дотоод засал чимэглэл хийж гурван ангаахайгаа тэжээнэ.

Барилгын ажил улирлын чанартай болохоор 11 дүгээр cap гараад л нэг хэсэгтээ зүгээр шахуу суух хэрэг гарна. Гэхдээ энэ хугацаанд ямар ч ажлын сураг ажиг тавилгүй зүгээр сууна гэж юу байхав. Аль болохоор л хөдөлмөрлөхийг хичээнэ. Гэр бүлийн хоёр өнгөрсөн 11 дүгээр сараас хойш ажилгүй шахам байсаар хэд хоногийн өмнө Монгол Тамхи Co компанийн дотор засал чимэглэлийг хийж эхэлжээ. Н.Баярмаа “Хөдөө байсныг бодвол амьдрал арай дээр байна” хэмээсэн юм. Хийж буй ажлаа дээшлүүлэхээр зээл авах санаа байвч тогтмол орлогогүй тул зээл олдоггүй. Олдсон ч эргэн төлөх боломжгүй байдаг ажээ. Уг нь хүүхдийн мөнгө амьдрал ахуйд нь ихээхэн дэм болдог байсан байна. Гэтэл энэ мөнгө алга болж эрхэм гишүүдийн амласан эх орны хишиг, эрдэнийн хувьд шингээд зогссонгүй эх орны хишиг маань 120 мянга болсон нь зарим айлд хүндээр туссан. Тэр байтугай нэг хэсэг айл нь эх орны хишгийг юунд зарцуулахаа төлөвлөчихсөн байсан шүү дээ” гэв. Хөдөө хөдөлмөрлөе гээд ч ажил болдоггүй үнэхээр хэцүү гэв. Одоо хздийгээр сарын тогтмол орлогогүй ч олсон хэдээ тооцоотой зарцуулж хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр хэдэн хүүхдээ хүний дор оруулахгүйг хичээж бүгдийг нь сургууль төгсгөхийг эцэг эх нь зорьжээ.

Том хүү Х.Энхболд нь Барилгын технологийн коллежийг ирэх хавар дүүргэх аж. Харин 39 дүгээр сургуулийн есдүгээр ангийн сурагч дунд охин X.Баянчимэг нь энэ айлын ганц “од” ажээ. Тэрээр чөлөөт бөхөөр барилддаг бөгөөд өнгөрсөн онд Якутад болсон тэмцээнээс 46 кг-ийн жинд хүрэл медаль хүртжээ. Анх ахыгаа дагаж дугуйланд явснаар барилддаг болсон байна. Одоо ч ах нь дүүгээ үргэлж л хоёулаа ноцолдоё хэмээн цаагуураа дасгалжуулаад авдаг аж. X. Баянчимэг охин одоохондоо мэргэжлээ сонгоогүй байна гэсэн юм.
Спортынхноос Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмааг хүндэлдэг гэв. Х.Баянчимэг охин хичээл бэлтгэл гэсээр орой 19 цагийн үед л гэрийн бараа харна. Тэрээр бидэнтэй ярилцаж байхдаа Төв аймагт болох дараагийн тэмцээндээ яарч байсан юм. Эдний гэрийн багачууд ажилд явсан ээж аавыгаа халуун хоолтой угтах гэж хэрэндээ хичээнэ. Охид нь нийлээд хоолоо хийчихнэ. За тэгээд зурагтаа үзэх нь үзэж олуулаа болохоор хөзөр тоглох дуртай. Энэ гэрийнхэн хэн нэгнийхээ ажилд уяа болно гэж үгүй. Долдугаар ангид сурдаг хамгийн бага охин нь хүртэл хэнээр ч тосуулж, хүргүүлэхгүйгээр өөрөө хичээлдээ яваад ирдэг байна. Бүгд л том жижиг гэлтгүй өөрт оногдсон үүргээ тов хийтэл гүйцэтгэнэ. Энэ айлынхан орой халуун ам бүлээрээ цугларч шөнө гэрийнхээ хоймроор нэг зулаад унтдаг гэсэн.

Гэрийн эзэгтэй Н.Баярмаа ойрын үед хүйтэн болоод гэрт гал үзэгдэхгүй байна хэмээсэн юм. Эднийх өдөрт нэг шуудай нүүрс түлдэг аж. Нүүрс нэг шуудай нь 900 төгрөг.Даанч уут нь гэж үнэндээ тохироогүй гэмээр хариугүй эд байдаг нь хэцүүхэн Н.Баярмаа бүсгүй нөхөртэйгээ ханилаад 18 жилийг ардаа орхижээ. Энэ хоёр гурван хүүхдийнхээ төлөө зүтгэж яваа жирийн нэгэн л эцэг эх хоёр. Ийнхүү хотын гэр хороололд амьдрах жирийн нэгэн гэр бүлийн ажил амьдрал өрнөсөөр тэд сайн сайхны төлөө тэмүүлсээр сууна. Хамгийн гол нь Ц.Хасбаатарынх хэмээх айл монголын ирээдүй хойчийн нэг хэсэг болсон үр хүүхдийнхээ боловсролыг чухалд тооцон ханцуй шамлан зүтгэж явна. Эднийх таван ханатай жаахан гэртээ ам бүл долуулаа амьдарч болгож бүтээхийн төлөө асч яваа нийслэлийн нэгэн эгэл гэр бүл юм.
Эх сурвалж:Нийслэл Таймс

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...